Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

МЧБХ-г үйл ажиллагаагаа зогсоож, тамга тэмдгээ МҮОХ-нд хадгалуулахыг шаардлаа

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны өнөөгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, "Ээлжит их хурлыг зарлан хуралдуулах түр хороо"-ноос мэдээлэл хийлээ.

Түр хорооны дарга МУГТ О.Пүрэвбаатар "Монголын чөлөөт бөхийн холбооны хамгийн сүүлийн албан ёсны Ерөнхийлөгч нь 2009 оны гуравдугаар сарын 14-ний Их хурлаар 180 төлөөлөгчийн санал хураалтаар сонгогдсон Л. Чинбат бөгөөд энэ хүний болон энэ үед байгуулагдсан удирдах зөвлөлийн эрх хэмжээ нь 2012 оны Лондонгийн олимпийн дараагаар дуусгавар болсон. 
    
Үүнээс  хойш энэ холбоо нь албан ёсны хурлаа хийлгүй, нэр бүхий хүмүүс дүрэм журмаа зөрчин, бусдын гарын үсгийг хуурамчаар зуран, хуурамч бичиг баримт үйлдэх, тамга тэмдэг нөхөн дарж улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа хийсээр өнөөг хүрсэн. Тиймээс одоогийн удирдлага гээд байгаа хүмүүсийг шийдвэр гаргах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэж үзэн энэ цаг мөчөөс эхлэн МЧБХ нэрийн өмнөөс нэр бүхий хүмүүсийн урд өмнө гаргасан болон гаргах ямар нэгэн тогтоол, шийдвэр, сонгон шалгаруулалтыг хүчин төгөлдөр хэмээн үзэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж  байна.

 

Одоогийн удирдлагууд гэх хүмүүс нь нам дамжсан хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч Монголын ард түмний хамгийн хайртай спортыг гэр бүлээрээ өмчлөн, өөрсдийн  хувийн мухлаг мэт үзэж, хэтэрхий ёс зүйгүй аашлан, дүү нь ахдаа, ах нь дүүдээ албан тушаал бэлэглэн, тамга тэмдгээ солилцон, чөлөөт бөх сонирхогч мянга, мянган жирийн иргэд, дэмжигчид, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажил амьдрал, цаг хугацаагаа зориулан ажилладаг багш дасгалжуулагчид, тамирчдыг илт басамжлан, тэдний санал бодол, хүсэл сонирхлыг үл харгалзан, эрх ашгийг нь ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагааг  явуулсаар байгаа нь хэрээс хэтэрлээ.
    
Тэд тэргүүн шугаманд цэргээ орхин зугатаахдаа, тамирчдынхаа медалийг мөнгөөр авч өгсөн гэж зарлахдаа, тэмцээнд явсан тамирчиддаа хуурамч виз хийж өгч шоронд хориулсан гэм буруутай нь шүүхээр тогтоогдохдоо ч, тамга тэмдэг, гарын үсэг дуурайлган хуурамч бичиг үйлдэн хууль зөрчихдөө ч хариуцлага эдгээр хүмүүстээ ёс зүйн хариуцлага хүлээлгээгүй, тив алгасан луйвар хийсэн шүүгчиддээ ч хариуцлага тооцоогүй атлаа Монгол Улсын төлөө, шударга үнэний төлөө тэмцсэн тамирчин, дасгалжуулагч нараа шахан хавчсан шийдвэр, үйлдэл, эс үйлдлийг удаа дараа гаргасаар байна. 

Тиймээс түр хорооноос МЧБХ-ны удирдлага гэх хүмүүст шаардлага хүргүүлж байгаа. Уг шаардлагыг эс биелүүлсэн тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Шаардлага

 

Түр хорооны гишүүн, дасгалжуулагч Ц.Цогтбаяр "МЧБХ-ны удирдлага гэх хүмүүс биднийг албан тушаалын төлөө явж байна гэх буруу ойлголтыг нийгэмд өгөөд байна. Бидний хувьд зөвхөн МЧБХ-ны их хурлыг хуралдуулж, нийт төлөөлөгчдийнхөө дундаас санал хурааж удирдлагаа сонгохыг хүсч байгаа. Шударгаар сонгогдсон удирдлагынхаа дор багшаа хийгээд, хүүхдүүдээ дасгалжуулаад явмаар байна. 

Өнгөрсөн хурлын үеэр холбооны ерөнхийлөгчид гурван хүнийг цаанаас шууд нэр дэвшүүлж, хуралд оролцогчдод танилцуулаад, удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар томилох тухай асуудал оруулж ирсэн. Ингээд удирдах зөвлөлөөс гарч ирсэн шийдвэрийг төлөөлөгчид баталгаажуулах юм байх аа. Үүнийг та бүхэн зөв гэж бодож байна уу?, Бид лав зөв гэж бодохгүй байна" хэмээн ярилаа.