Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өлзийцэцэг: Алтгүй орон банкгүй тосгон лугаа адил

Ц.Мягмарбаяр, Зууны мэдээ
2017 оны 1 сарын 23
Зууны мэдээ

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн  “Leaderships forum” булангийн зочноор еntrepreneur Д.Өлзийцэцэгийг урилаа.

ИРГЭНИЙ, САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛГҮЙ ИРГЭДТЭЙ УЛС ОРОН ХӨГЖСӨН ТҮҮХ ҮГҮЙ

 

Монгол хүн ам цөөн­тэй, газар нутаг байгалийн баялаг их­тэй орон. 1990 оноос өмнө ма­най иргэд өн­дөр мэдлэг боловсрол олж, сэ­хээт­ний давхарга бий болсон. Сэхээтний давхар­га гэдэг маань улс орны хөгжлийг тодорхойлогч үе дамжсан эрдэмтэн судлаачид эх орончид, түүхчид, улс төрчид, эдийн засагчид гээд оюуны өндөр боловсролтой хүмүүс юм.

Тэд энэ улс орны хөгжлийг хүнээ дээдлэх бодлоготой уялдуулан удирдаж чиглүүлж  байсан. Тэгтэл одоо  манай улсын хөгжил урагшлахгүй байгаа хамгийн том шалтгаануудын нэг  нь иргэний боловсролыг иргэддээ өгч чадахгүй болсонтой  холбоотой. Их, дээд, дунд сургууль олноор  байгуулагдсан боловч тэд зөвхөн мөнгөний машин мэт явж ирсэн бөгөөд нийгмийн дунд ангилал ялгааг бий болгосон.

1990-ээд он, түүнээс өмнөх үеийн 8 -10 дугаар анги төгссөн хүүхдийн эзэмшсэн иргэний хувийн боловсрол тун дажгүй байсан. Наад зах нь ахмад болон бусдыг хүндэтгэх , бусдад туслах нь иргэний үүрэг гэдгийг мэддэг, гудамжинд болох болохгүйг хараад та нар ингэж болохгүй  гэж хэлж чаддаг. Хэлэх ёстой гэдгээ мэддэг бйсан.

Иргэний боловсролгүйгээр улс орны хөгжлийг тодорхойлох боломжгүй.

Иргэний боловсролгүйгээр улс орны хөгжлийг тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, ойгоос ирсэн сармагчин шууд тавагнаас хоол идэх гэж оролдож байгаатай адил. Боловсролгүй иргэнтэй улс хөгжсөн түүх дэлхийн хаана ч байхгүй. Бид хүн амынхаа тоог мартаж болохгүй. Бидний хөгжлийн загвар өөр байх ёстой.

Гуравхан сая хүн амтай ийм том газар нутагтай баян ард түмэн нэг хотод хэдэн арван саяараа бужигнасан гадаад улсын боловсролын системийг дуурайж байгаа нь харамсалтай. Өөрийн гэсэн боловсролын загвар системийг бий болгож бүх дунд сургууль, цэцэрлэгийг төрөөс даадаг байх ёстой. Иргэний боловсрол бол дээд сургуулийн дипломтой дуйцүүлэх зүйл биш. Улс орны хөгжлийн суурь үндэс иргэний боловсрол. Иргэний боловсрол бол амьдралын боловсрол.

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ КАМПАНИТ АЖЛЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОХ ХЭРЭГТЭЙ

Иргэн нь өрхийн санхүүгийн орлого зарлагаа хэрхэн тооцож тэнцүүлэх, олсон мөнгөө юунд зарцуулахаа мэддэггүй, манайд, надад юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгээ харж төлөвлөдөггүй , ойрын болоод ирээдүйн санхүүгийн хэрэгцээгээ урьдчилж төлөвлөж чадахгүй зэрэг жижиг зүйлсээс улс орны хөгжил шалтгаалдаг. Тухайлбал, техник технологи асар хурдтай хөгжиж байна. Сар хүрэхгүй хугацаанд гар утас, компьютерийн загвар  өөрчлөгдөж байна.

Гэтэл үүнийг гүйцэх гэж муйхраар сард олсон орлогынхоо ихэнх хувийг гар утсанд зориулж байна. Ингэх ямар ч шаардлагагүй. Таны гар утас таны хэрэгцээг хэдэн жилдээ хангахаар  байвал түүнд мөнгө зарах хэрэггүй. Харин тэр мөнгөө хуримтлуулах хэрэгтэй.

Манай  төр засаг ашигт малтмалын үнэ өсөлттэй үед хэрхэн тансагласан билээ. Гэтэл эдийн засаг жаахан хямрангуут банк, санхүү нь шууд ганхаж хараат байдал уруу шилжиж байна. Үүний нэгэн адил өрх бүр орлоготой үедээ хуримтлалыг бий болгож чадаагүйгээс гэр бүлд хямрал болж хэн нэгэн эрүүл мэндийн асуудалтай болоход л тэр өрх гэрийн санхүү ганхаж байна.

Энэ нь иргэдээ санхүүгийн боловсролтой болгох зайлшгүй хэрэгтэйг хэлээд байгаа юм. Мөн иргэний боловролгүйгээс болж мухар сүсэг, шашны янз бүрийн урсгалд автах, оюуны хоосрол дээр тоглолт хийсэн заль мэхтнүүдийн өмнө золиос болж байна.

Улс орныг удирдаж байгаа улс төрчид болон нийгмийн байгууллагын лидерүүд үүнийг мэддэг хэрнээ иргэндээ боловсрол олгох тухай ичээд ярьж чаддаггүй. Ярих гэхээр жижигхэн юм ярьж байна гэж тооцогдох байх гэж боддог байх. Одоо ичих хэрэггүй , шууд л ажилдаа орох хэрэгтэй. ТББ- ууд үүнд гол үүрэг гүйцэтгэх учиртай. Тэд хийх юм нь олдохгүй байгаа мэт нам гүм хаа нэг төсөл хөтөлбөрөөс хэдэн цаас олдох ажилд хуруу дүрэх төдий оролцчихоод сууж байдаг.

Төрийн ажлыг хөнгөвчлөн аливаа нийгмийг хамарсан ажилд төрийн бус байгууллагууд ханцуй шамлан ажиллаж байдаг механизмыг хурдан бий болгож ТББ -ууд гардан зохион байгуулж ажиллах хэрэгтэй.

ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУСТ НАЙДАХ ЦАГ

Хоёр гурван гадаад  хэлтэй, өндөр боловсролтой олон залуучууд бусдын цүнх барих ажилд орж байгаа нь харамсалтай.Тэд зорилгоо тодорхой болгоод, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө явбал энэ үеийн нийгмийн  оюун сэтгэхүйн хямрал үүгээр дуусч тэдний үед улс орон хөгжиж цэцэглэх учиртай.

Нэг хэсэг нь мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө явж байгаа ч нийтээрээ  тэгж чадахгүй байна. Залуучууд боловсролын төлөө хүчээ зориулаад цаашлаад улсдаа хэрэгтэй ажил хийе гээд явтал дүрэм журам хээл хахууль, татвар татаас  гох дэгээ болсон олон гарын үсэг гэх мэт бэрхшээлээс үүдээд зорилгоосоо хазайж хэн нэгэн мөнгөтэй хүний, эсвэл улстөрчдийн халаасанд нисээд орчих тохиолдол байна.

Тиймээс залуучууд нийлж нэгдэн үндэсний хэмжээний том  компани байгуулж, дэлхийн хэмжээний төслүүдийг бий болгож эхэлбэл аяндаа цалингаа амьдралдаа хүргэж ядаж байгаа  дундаж  хэсэг нь тэднийгээ дагаад хөгжинө. Бид цөөхүүлээ шүү дээ. Түүнээс биш  хог түүж байгаад мөнгө өгөөд, нинжа нарыг нийгмийн даатгалд хамруулаад, хана тааз будаж өгөөд , хэсэг бүлгээр нь цай хоолонд оруулснаар улс орон хөгжихгүй.

АЛТГҮЙ УЛС ОРОН БАНКГҮЙ ТОСГОН ЛУГАА АДИЛ

 

Хэдэн жилийн өмнө би Монгол Улс алтнаас татгалзлаа. Алтгүй улс орон банкгүй тосгон лугаа адил гэж бичиж байсан. Хэдэн жилийн өмнө урт нэртэй хууль гаргаснаар алтны компаниудын үйл ажиллагаа зогссон. Энэ хоёр талтай. Нэг талаас байгаль орчин сүйдсэн гэж ярьж байсан ч үнэн хэрэг  дээрээ нөгөө л иргэний боловсрол дутмагтай холбоотойгоор хэдэн хүний хүсэл сонирхол далд санаатай зохион байгуулагдсан ажил гэж үздэг.

Нөгөө талаар алтны компаниудын үйл ажиллагаа ид өрнөж байхад улс орны эдийн засаг өсөлттэй байсан. Иргэний нийгмийнхэн байгаль орчин сүйдлээ гэж хашгирч байхдаа алтны компаниуд улсдаа асар их хөрөнгө мөнгө оруулсныг тооцоогүй. Хоёр талаас эсэргүүцэлтэй тулгарч байсан. Алт бол тухайн орны эдийн засаг, улс орны хөгжлийг тодорхойлж байдаг баялаг.

Алмазтай орон гээд алмазаар банкинд баталгаа гаргадаггүй. Алтгүй улс бол гуйлгачин гэдгийг дэлхийн банкууд тодорхойлдог. Тэгэхээр улс орны банк алттай байж гэмээнэ оршин тогтнодог. Алттай байснаар улс орны эдийн засаг  болон аюулгүй байдал баталгаажиж байдаг. Үүнийг жирийн иргэд тэр бүр мэддэггүй. Банкинд  цаасан мөнгө байдаг гэж боддог. Энэ нь миний хэлээд байгаа иргэний болоод эдийн засгийн  боловсрол байхгүйтэй холбоотой.

Алт бол тухайн орны эдийн засаг, улс орны хөгжлийг тодорхойлж байдаг баялаг. 

Гадныхан биднийг алтан дээр суусан гуйлгачин гэж нэрлэдэг. Гашуун ч гэсэн үнэн.  Гадаадын компаниуд алтыг нь аваад явчихдаг. Үндэсний компаниудаа дэмждэггүй. Алт хөтөлбөрийн дүнд хөл дээрээ босч байсан эдийн засаг урт нэртэй хуулиар зогсч улмаар алтны нөөц эрс багассан.

Уг нь хөтөлбөрийг бүр зогсоох биш хууль дүрмээ зөв боловсруулж зохицуулаад үргэлжүүлэх байсан. Гэтэл хуулийн цоорхой, улс төрчдийн  талцлыг Хятадууд овжин  ашиглаж  ченжүүдийн гар дээрээс алтыг хэдэн тонноор нь худалдаж аваад зөөчихсөн. Алт нь бараг газар дээрээ  гялтганаж байсан газруудад нь “Бороо-Голуд”, “Алтан-Дорнод” зэрэг гадны компаниуд  ажилласан байдаг.

Хувийн болоод  янз бүрийн  ашиг сонирхолтой иргэний болоод эдийн засгийн суурь боловсролгүй хэдэн нөхөд буюу ИНБ-ынхан нь гадныхан газар ухаж алт аваад байна уу, монголчууд нь байгалиа сүйтгээд алт аваад байна уу гэдгийг ялгаж чадахгүй байсаар  энэ хөтөлбөр зогссон. Одоо таван жилийн дараа үр дүн нь ямар байна. Улсын сан хөмрөг алтны нөөцгүй ийм л болсон. Тэгээд одоо энд тэндээс мөнгө гуйгаад бас ч үгүй авна авахгүй, яг өгөх гэж байсан Далай лам ирчлээ гээд өгөхөө болилоо гээд доог тохуу болоод сууж байна шүү дээ.

Гуравдагч орноос зээл авъя гэхээр дэлхийн банкинд байгаа алтны нөөцөөрөө тэг заачихсан. Тэгэхээр миний өмнө хэлсэн алтгүй орон банкгүй тосгон лугаа адил болж байна. Тэгэхээр цаашид  иргэн бүрт байгаль орчин буюу үндэсний баялгийг хэрхэн бий болгох  ойлголтыг ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр компанит ажил болгож зөв ойлгуулах хэрэгтэй. Бид алтыг өөрсдөдөө хуримтлуулж бий болгох нь улсад хэрэгтэй.

Гурван сая хүний нэг сая нь банкиндаа алтан хадгаламжтай байх нь ямар их хөрөнгө, ямар их боломж олгохыг ойлгох хэрэгтэй. Алт өдөр бүр таны орлогыг нэмэгдүүлээд байхгүй ч гэлээ таны амьдралын эдийн засгийн баталгааг үеийн үед хангасаар байдгаараа онцлогтой.

Нөгөөтэйгүүр хэзээ ч инфляци, үнэ ханшийн уналтад өртөхгүй. Энгийн жишээ байна шүү дээ,  та байгаа мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авлаа гэж бодъё. Гэр бүлд эрүүл мэндийн ноцтой асуудал тулгарч мөнгө хэрэг боллоо гэхэд тэр хөрөнгө хурдан хугацаанд зарагдах уу, хурдан зарахын тулд та үнэ буулгаж зуучлагчид өгөх арга л байдаг. Эсвэл ханш унасан нөхцөлд өсөхийг нь хүлээнэ. Тэгвэл банкинд алтаа хадгалуулсан байхад та тухайн үеийн ханшаар нь алтаа зарж мөнгөтэй болж чадна.

“АЛТ 2” ХӨТӨЛБӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН НЭГ ГАРЦ

“Алт 2” хөтөлбөрийг энэ Засгийн газар хэрэгжүүлэх нь манай эдийн засгийг хурдан хугацаанд аврах гарц. Гэтэл нөгөө ТББ- ууд энэ хөтөлбөрт яаж оролцох вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй байх. Улс орны өнцөг булан бүрт байгаа иргэн бүрт хүрч нийгмийн баялгийн хуваарлилт буюу байгаль орчны нөлөөллийг  хэрхэн зөв ойлгуулахаас энэ хөтөлбөрийн хувь заяа шийдэгдэнэ. Эс бөгөөс хэсэг бүлэг хүний халаасны  мөнгө бэлдэх ажилд нөгөө л хэдэн компаниуд өртнө.

Иймд Засгийн газар энэ хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн  тулд дагалдаж гарах эерэг, сөрөг зүйлийг маш сайн тооцсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн  газар нутгийн стратегийг маш сайн урьдчилан харж төлөвлөх ёстой. Тухайлбал, малчин айл өрхийг,  малыг нь хаана хэрхэн нүүлгэх, буцаад ирэхэд нь газар нутгийг нь өмнө байснаар нь болгох нөхөн сэргээлтийг хэрхэн  хийх, нөхөн төлбөр олгох гээд маш нарийн гэрээ, дүрэм журам, хуулиар зохицуулж байж л хөтөлбөр цааш явна.

Мөн алтны хөтөлбөрт оролцох компанийн удирдагчид иргэдтэйгээ хэрхэн харилцах боловсрол, сэтгэл зүйг, өөртөө бий болгох хэрэгтэй. Үүнд ТББ-ууд ч гэсэн жинхэнэ амьд харилцааг үүсгэсэн сургалтуудыг зохион байгуулж  ажиллах хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цааш чичихээс нааш цоордоггүй гэж үг бий.

Хичнээн ухаантай бизнесмэн байгаад хүний үг сонсохоо байж биеэ тоосон хүмүүс зөндөө байна. Үнэхээр алтыг нь аваад мод тарина гэсэн л бол тэрийг нь хийх  л хэрэгтэй. Өндөр хөгжилтэй АНУ хот дотроо газраа ухаад алтаа авч л байна. Буцаагаад яг байснаар нь үлдээж байна. Энэ технологийг ашигла л даа. Тэгээд авсан алтаа банкиндаа тушаачих. Хэдийгээр тэр хүнд мөнгийг нь өгөөд авч байгаа ч гэсэн банк маань алттай болно. Ингэж улс орон хөгжинө. Түүнээс иргэн Бат  нууж хааж байгаад алттай боллоо гэхэд гадаад дотоодод хэрэгтэй хэрэггүй хаус авчихвал улс орон хөгжих үү.

Ямар ч нийгмийн үйлчилгээ байхгүй хий тансаглал болоод л дуусна. Түүний оронд банк нь Батаас алтыг нь худалдаж авах хэрэгтэй. Харин түүнийг татвараар дарамтлах хэрэггүй. Бат тэрхүү мөнгөө улс орондоо шингээх байдлаар нийгмийн хариуцлагын үүднээс үйлчилгээ үзүүлэх эмнэлэг сургууль, цэцэрлэг бариад өөрөө эзэмшиг.

Алтны компаниуд уралдаад л хаус, орон сууцны хороолол барьж байна. Нийслэлийн өнгө үзэмж сайжирч хөгжиж буй мэт боловч нөгөө иргэний боловсрол, соёлт орчныг мэдрээгүй иргэдтэй байхад улс хөгжихгүй. Хамгийн  наад зах нь л 00-ийн өрөөний стандартгүй улс шүү дээ манайх. Нэг сайхан үйлчилгээний газар байдаг, дотор нь үйлчилгээ үзүүлж байгаа иргэд нь соёлжоогүй байхад тэнд гадныхан ирээд гоё мэдрэмж авахгүй.

Би гадаад дотоодын олон орноор аялсан. Филиппин улс дампуурлаа, эдийн засаг нь уналаа гээд бай­даг. Гэтэл яг яваад очи­­ход дэлхийд байх­гүй үйлчилгээг жуулч­дад үзүүлж байна. Яг л Лас Вегас шиг. Тэд үйлчилгээний дэл­хийн стандартуудыг хэрэг­жүүлс­нийнхээ төлөө мөнгө авдаг. Тэгвэл ма­найх ямар  сайхан том га­зар нутаг сайхан байгальтай билээ. Үйл­чил­гээний дэлхийн стандар­тыг нэвтрүүлэх хэрэгтэй.

ЖИРИЙН ИРГЭН АЛТТАЙ БОЛОХ БОЛОМЖ БАЙНА

Жирийн иргэн ч улс, орон, амин хувийн санхүүгийн баталгааг өөртөө бий болгох, алттай болох боломж байна. Манайд баян буюу харьцангуй орлого өндөр өрхүүд алтан эдлэл үнэт эдлэлтэй болж байна. Үнэт эдлэлийнхээ үнэ цэнийг  жил ирэх тусам өснө гэдгийг мэдэж байна.

Гэтэл орлого бага, ядуу  иргэд маань баян хүн л алттай байдаг гэсэн ухагдахуун бүр толгойд нь суучихсан. Гэтэл 300 мянган төгрөг гэнэт хэрэг боллоо гэхэд чихэндээ байгаа хоёр ээмэг, хуруундаа байгаа бөгжөө  мулталж  аваад барьцаат зээлийн  газар уруу гүйдэг. Энэ хамгийн энгийн жишээ.

Тэгвэл тэр хүн яагаад  алт эзэмшиж  болохгүй гэж. Гэтэл манайд алтны энгийн арилжаа байхгүй. Иргэн нь алтны тухай ойлголтгүй. Бусад улс орон тухайлбал, Вьетнам, Дубай, Турк улс алтыг грамм граммаар нь гулдмайлан гудамжинд дэлгүүртээ зардаг. Манайх тийм арилжаа байдаггүй. Уг нь алтан дээр суусан улс. Гэтэл иргэн нь алтгүй. Тэгэхээр иргэдээ алттай болгох боломж байна. Хөрөнгө оруулалт өрх бүрт байх ёстой.  

Хөрөнгө оруулалт гэхээр нэг л том мөнгөтэй компани  нэг газар санхүүжилт хийх юм шигээр боддог. Манай байгууллага “Санхүүгийн эрх чөлөө” ном гаргасан. Үүнд таны нэг ам.доллар ч хөрөнгө оруулалт шүү гэдэг ойлголтыг өгөхийг хичээдэг. Иргэн нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр миний  тоохгүй орхисон 20 төгрөг улсын минь баялаг шүү гэдгийг.  АПУ-гийн хувьцааг худалдаж авсан 25.000 төгрөг ирээдүйн хөрөнгө оруулалт гэж ойлгох ёстой.

Тэгэхээр залуучууд 200-300 мянган төгрөгийн үнэтэй утасны араас хөөцөлдөж байхаар ирээдүйд хамгийн их өсөх магадлалтай найдвартай компанийн хувьцаа худалдаж авах тийм эрмэлзэлтэй зоригтой болох хэрэгтэй.  Эргэлзэж инфляцид өртөх магадлалтай гэвэл алт авах хэрэгтэй.

Хүний эрүүл мэнд, цаашлаад сансрын технологид алт үнэхээр үнэ цэнтэй хэвээр байна. Алт ирэх зуу зуун жилд үнэ цэнээ алдахгүй нь тодорхой. Тэгэхээр манайд алт худалдаж авъя гэтэл нэмүү өртөг шингэсэн алтан эдлэл байна.  Тэгвэл баталгаатай найдвар­тай алтыг Лондонгийн хөрөнгийн биржийн ханшаар Швейцарийн хууль ёсны компаниас интернетээр авах боломж бүрдсэн байна. 999.9 ийн  сорьцтой шижир алтыг Швейцарийн банк онлайнаар зарж байна. www.globalintergol.com гэж ороод хараарай.

Алт ирэх зуу зуун жилд үнэ цэнээ алдахгүй нь тодорхой.

Тэнд таны хэрэгцээтэй алтыг хавтгайлаад баталгаажуулж сертификатлаад зарж байна, хувь хүмүүсийг жижиг мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийн хамтарч ажиллахыг урьж байна. Давхар ажлын хажуугаар ажил хийж зах зээл дээрээс ашиг хүртэж алтан хадгаламжтай болох бүрэн боломж байна.

Тэгэхээр үнэтэй гар утсаа одоо л ашиглах хэрэгтэй болж байна. Манайхан  дэлхийн худалдааны олон том том  сайтуудаар худалдаа хийгээд эхэлсэн. Бараагаа захиалаад 7-14 хоногийн дотор илгээмжээр авч байна. Энэ бол цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа манай иргэдийн хувьд орлогоо нэмэгдүүлэх маш энгийн найдвартай бизнес болж байна.

Үүн шиг алтаа захиалаад авч болж байна. Эсвэл алтанд хөрөнгө оруулалт хийгээд тус орны банкинд гэрээгээр хадгалуулж болно. Хэзээ нэгэн цагт таны үр хүүхэддээ зарцуулахаас эхлээд  өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд алт л хэрэг болно. Алт сайн муу зүйл дагуулна гэсэн мухар сүсгээ хаях хэрэгтэй.

Та сайн сайхныг хүсч байгаа бол алт танд сайн сайхныг л өгнө. Улсын сан хөмрөг алттай байж гэмээнэ оршин тогтоно. Хувь хүн өөрийгөө хөгжүүл, иргэн болгон  санхүүгийн энгийн боловсрол мэдлэгтэй болж айл өрх болгон алттай бол. Ингэсэн цагт Монгол Улс баян иргэдтэй, эдийн засгийн баялагтай хүчирхэг орон болно.

Их гүрнүүдийн бодлогод сөхрөхгүй, алтаа нийлүүлж байгаад асуудлыг шийднэ. Алттай байж гэмээнэ өндөр технологийг худалдаж авна. Түүнээс биш зээлээр улс орон хөгжихгүй, хуримтлалгүйгээр иргэн та баян болохгүй.

Зураг