Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм

ikon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

- Швейцарын Холбооны Улсын Давос хотноо  зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна -

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Торгоны зам” сэдэвт хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцов.

Тус хуралдаанаар Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ. Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.

 

Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд  оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай.

Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг. Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэлээ.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлогын хуралдаанд оролцлоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 19/ Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.

Тус хурлаар олон улсын хамтын ажиллагааны 2017 оны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, ач холбогдлоор нь эрэмбэлэх мөн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын нэн тэргүүнд анхаарах асуудлууд, АНУ-ын шинэ захиргаанаас дэлхий нийт юу хүлээх ёстой,  даяарчлалыг эсэргүүцэх, ард иргэдийн төр засагт итгэх итгэл буурч, популизм нэмэгдэж буй энэ цаг үед үндэсний болон олон улсын хэмжээнд иргэдээ сонсдог хариуцлагатай манлайлалыг хэрхэн бий болгох зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явууллаа.

Мөн эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлогын хуралдаанд оролцлоо. Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг баталснаар дэлхийн улс орнууд болон хувийн хэвшил чухал үүрэг, амлалт хүлээсэн билээ. Байгаль орчны чиглэлээр ийнхүү сүүлийн жилүүдэд ахиц гарсан боловч илүү дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Тиймээс энэхүү хуралдаанаар байгаль орчны салбарт тууштай нөлөө үзүүлэхүйц инноваци, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн дэмжиж эрчимжүүлэхийг ярилцав.    

Мөн өдрийн үдээс хойш Хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь: “Олборлох салбарын гүйцэтгэх үүрэг”  сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.

 

Уул уурхайн салбар нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дөхөм болох боломжтой тул энэхүү уулзалтаар уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж болох хувь нэмрийг нарийвчлан хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Усны асуудлаарх хэлэлцүүлэг уулзалтад мөн оролцлоо.

Энэхүү уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох усны шинэ бодлого боловсруулахад “Усны нөөцийн бүлэг 2030”-ийн туршлага, сургамж, зөвлөмжийг ашиглах талаар хэлэлцлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд 2005 онд байгуулсан “Усны нөөцийн бүлэг 2030” нь одоогоор 10 орны 400 гаруй түнш байгууллагыг нэгтгээд байна. Эдгээр түнш байгууллага усны бодлогыг ул суурьтай шинэчлэх, эдийн засаг нь хурдан өсч байгаа орнуудын усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг дэмжих чиглэлээр Засгийн газар, шийдвэр гаргагчидтай хамтран ажиллаж байна. 

Гэрэл зургууд:

 
 
 
 
 

 

Зураг
13 | 16 | 16 цаг