Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын тангараг өргөх ёслолыг Ким Жон Ун пуужингаар "мялааж" болзошгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп ба Ким Жон Ун

Удаан хугацаанд хөгжүүлж байгаа тив хоорондын баллистик пуужингийнхаа шинэ загварыг Хойд Солонгос туршихад бэлдэж эхэлсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын тал анхааруулжээ.

Телевизийн сувгаар дамжуулсан шинэ жилийн мэндчилгээнийхээ үеэр Ким Жон Ун тус улсын зохион бүтээсэн тив хоорондын баллистик пуужин бэлэн болоход ойртсоныг дуулгаж байв. Тэгвэл Америкийн баруун эрэгт хүрэх чадалтай гэгдэж байгаа энэхүү зэвсгийг Баасан гарагт буюу Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр туршиж магадгүй байгааг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Турших пуужингийн биеийн доод хэсгийг тээвэрлэж эхэлсэн тухай Өмнөдийн тагнуулын алба мэдээлснийг Чосун Илбо сонин армийн эх сурвалжаас дамжуулсан байна.

 Эх сурвалж хэлэхдээ “Хэлбэр, хэмжээний хувьд энэ нь уламжлалт Мусудан пуужингаас өөр байна” гэжээ. Дунд тусгалын Мусудан пуужинг Хойд Солонгос 2016 онд туршсан юм.

Ажиглагчид Ким Жон Уны шинэ пуужингийн тухай мэдэгдлийг Вашингтоны шинэ засаг захиргаатай эхлэх харилцаандаа хөшүүрэг болгон ашиглах зорилготой хэмээн тааварлаж байв.

Харин түүний мэдэгдлийн дараа Дональд Трамп “Тийм зүйл болохгүй!” гэж твиттер хуудсандаа бичсэн ба яг ямар утгатай үг болох нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian