Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Японы үйлдвэрлэгчид суултуурын удирдлагыг нэг стандарттай болгохоор нэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Японы жорлонгийн суултуур үйлдвэрлэгчид гадаадын жуулчдын толгойг эргүүлдэг олон янзын удирдлагын товчнуудын тэмдэглэгээг нэг стандарттай болгохоор шийджээ. Ингэснээр 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадмын өмнө бүх жорлонгуудаа гадаадын зочдод ээлтэй болгож байгаа юм.

Японы нэг гайхамшиг болсон өндөр технологийн суултуурууд нь гадныхны сонирхлыг маш их татдаг ч зөв ажиллуулж чадах нь ховор байдаг. Үйлдвэрлэгч бүр ялгаатай дүрсээр товчнуудаа тэмдэглэдэг нь япон хэл мэдэхгүй хүмүүст оньсого таах тоглоом болдог байв.

Тэгвэл Японы Ариутгалын Тоноглол Үйлдвэрлэгчдийн Холбоо нийт найман дүрст тэмдэглэгээг стандарт болгохоор тохиролцжээ. Зураг дээр үзүүлсэн тэмдэглэгээнүүд нь зүүнээс баруун тийш: тагийг сөхөх, суултуурыг сөхөх, их ус таталт, бага ус таталт, араас угаах, урдаас угаах, хатаах, зогсоох гэсэн утгатай юм байна.

Ирэх дөрөвдүгээр сараас үйлдвэрлэгдэх суултуурууд бүгд ийм тэмдэглэгээтэй гарах бөгөөд цаашдаа үүнийгээ олон улсын стандарт болгох сонирхолтой байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Independent