Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Британи чиглэлийн анхны галт тэрэг Лондонд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хятадаас Их Британи хүрэх анхны шууд чиглэлийн галт тэрэгний цуваа өчигдөр буюу Лхагва гарагт Лондонд ирлээ. Орчин үеийн торгоны замыг хөгжүүлэх Бээжингийн төлөвлөгөөний нэг хэсэг нь энэ болж байгаа юм.

Голдуу хувцас, гэр ахуйн бараа ачсан уг галт тэрэг зүүн Хятадын Зэжянь мужийн Ивү хотоос Казахстан, Орос, Беларусь, Польш, Баруун Европоор дайран 18 хоног аялсны эцэст Лондон хотын Баркин буудалд хүрсэн байна.

Францаас Британи хүрэхдээ Ла Маншийн хоолой доогуурх хонгилоор нэвтэрч 12,000 км урт аялалаа өндөрлөжээ.

Галт тэргийн цуваа нэгдүгээр сарын 1-нд аж үйлдвэрийн хот болох Ивүгээс 24 чингэлэг бараатай гарсан юм. Гэхдээ хуучин ЗХУ-ын нутгаар дайрахдаа өргөн царигт тохируулан анх Хятадаас гарсан зүтгүүрээ сольсон гэнэ.

Далайн тээврээр үүнээс их бараа зөөх боломжтой боловч шинэ галт тэрэг нь далайгаар тээвэрлэснээс хурдан, агаараар тээвэрлэснээс хямд дундын сонголтыг бизнес эрхлэгчдэд гаргаж өгч байгаа аж.

Хятадын төмөр зам Ази-Европыг холбох 10 гаруй чиглэлийг бий болгоод байгаа ба Лондонгийн энэ аялал 15 дахь нь болж байгаа юм.

Гэвч одоохондоо энэ аялал нь эдийн засгийн хувьд төдийлөн ач холбогдолгүй байна. Учир нь далайгаар тээвэрлэхэд нэг удаадаа 10,000-20,000 чингэлэг тээвэрлэдэг. Мөн буцаад Британиас Хятад руу тээвэрлэх ачаа одоохондоо байхгүй байгаа.

Гэхдээ Британи, Франц, Герман зэрэг худалдааны томоохон түншүүдтэйгээ шууд газраар холбогдох нь Бээжингийн хувьд улс төрийн чухал ач холбогдолтой гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post