Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болохоос хамгийн их айж байгаа 7 улс

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп

Дэлхий дахинд гэнэтийн цочрол авчирсан хүн бол АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп. Маргааш тэр тангараг өргөж албан ажилдаа орох юм.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай гүрний гадаад бодлого яаж өөрчлөгдөх нь маш их сонирхол татаж байна.

Зарим нь баярлаж, зарим нь айж байгаа юм. Тухайлбал ОХУ, Турк, Филиппин, Сирийн удирдагчид таатай өөрчлөлтийг хүлээж байгаа бол дараах улс орнууд Трампыг айдас дүүрэн хүлээж байна.

Чухам яагаад тэд Америкийн шинэ ерөнхийлөгчөөс болгоомжилж байна вэ?

 

Мексик

Трамп олон удаа Мексикийг ханаар тусгаарлах, хэдэн сая цагаачийг буцаах, худалдаанд дарамт учруулах тухай ярьж байгаа. Мексик нь экспортынхоо 80 хувийг Америкт гаргадаг, импортынхоо 60 хувийг Америкаас авдаг. Хэдийгээр Трамп ярьж байснаасаа багахан зүйлийг хийсэн ч ирэх жил болох Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд зүүний хүчнээс нэр дэвших Андрес Мануэл Лопез Обрадорын рэйтингийг өсгөж өгөх нөлөөтэй. Хэрвээ тэр ерөнхийлөгчөөр сонгогдвол чухам Трамп, Обрадор хоёрын хэн нь Мексикийн эдийн засагт илүү их хохирол учруулахыг таахын аргагүй юм.

 

Япон

Трамп, Шинзо Абэ хоёрт адил сонирхол бий. Хоёул Японы армийн хүчийг нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай болгохыг хүсдэг. Абэ бас Трамптай адилхан Оростой найрсаг байхыг хүсдэг. Абэ Оросоос дэлхийн II дайны үед алдсан арлуудаа буцааж авах сонирхолтой. Гэвч Хятадтай таагүй харьцах Трампын бодлого Японыг ацан шалаанд оруулна. АНУ, Хятад хоёулаа Токиогийн хамгийн том худалдааны түншүүд. Абэ энэ хоёрын нэгийг алдах асуудалтай тулгарна. Үүнээс гадна Өмнөд Солонгостой таагүй харьцаатай байдаг нь Японыг бүс нутагтаа ганцаардах эрсдэл үүсгэж байгаа юм.

 

Латви, Литва, Эстони

Трампын тангараг өргөх ёслолыг айдастай хүлээж байгаа улсууд бол Балтийн тэнгисийн эргийнхэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орос үндэстэн хүн амыг хамгаалах шалтгаанаар Украины дорнод хэсэгт дайн хийж байгаа. Латви, Эстони улсуудад Украинаас их хэмжээтэй орос хүн ам амьдардаг. Украинаас ялгаатай нь тэд NATO-гийн гишүүн улсууд. Гэвч Трампын Орост талтай хандаж байгаа нь, NATO-г шүүмжлэх аястай мэдэгдлүүд нь Балтийн эргийн улсуудыг айлгаж байна. Магадгүй тэд Оросын хил дагуу хана босговол хананд дуртай Трампыг баярлуулж мэдэх юм. Жишээ нь Литва улс Оросын Калининград мужтай хиллэдэг хилээ тор татаж тусгаарлахаар болсон. Гэхдээ энэ нь Оросын армийн довтолгоог зогсоож чадах нь юу л бол.

 

Герман

Хэдийгээр Муслимууд болон Мексикчүүдийг гадуурхах тухай байнга ярьдаг ч Трамптай ардчиллын үнэт зүйлсийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа Германы канцлерь Ангела Меркель илэрхийлээд байгаа. Харин Меркель нь Украинд хийсэн Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, Путинд хориг тавих, хоригийг сунгах талаар санаачлага гаргаж байсан хүн. Гэтэл Путинтай найрсаг харилцаатай байхыг сонирхож байгаа Трамп Меркелийг баллаж мэдэхээр байна. Мөн Трампын энэ хандлага Европ оршин тогтнохын тулд Оростой найрсаг байх ёстой гэж үздэг Меркелийн өрсөлдөгчдөд том дэмжлэг болохоор байгаа юм. Энэ жил Меркель дөрөв дэх удаагаа канцлерь болохоор сонгуульд өрсөлдөнө.

 

Франц

Францад айдас бүр ч ойрхон байна. Трампын ялалт тус улсын хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын дэмжигчдийг зоригжуулаад байгаа. Энэ намын дарга Марин Ле Пэн хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Францыг Европын Холбооноос гаргахаа мэдэгдээд байна. Үүнээс гадна Трамп Ле Пэнийг олон нийтийн өмнө дэмжиж байгаагаа илэрхийлэх вий гэхээс Францын бусад нам хүчнүүд үхтлээ айцгааж байгаа юм. Хэрвээ сонгуулийн шийдвэрлэх мөчид Трамп ийм өнгө аяс үзүүлбэл үр дүнд хүчтэй нөлөө үзүүлнэ гэдэг нь тодорхой.

 

Нэг үгээр хэлбэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Америкийн дотоодод болон гадаадад ийм хүчтэй нөлөө үзүүлж байсан түүх байхгүй юм.

 

Эх сурвалж: Time.Com