Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мандхай: Хүүхдийн мөнгө олголтын процесс өөрчлөгдөөгүй

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны буюу өчигдрийн хуралдаанаас хүүхдийн мөнгөний олголтын журамд өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргасан.

Уг шийдвэртэй холбоотойгоор хүүхдийн мөнгө олголтод ямар өөрчлөлт орж байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас тодрууллаа.

- Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгөний олголтын журамд өөрчлөлт оруулсан. Ямар ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Хүүхдийн мөнгө олголтыг өмнөх онуудад "Хүний хөгжил" сангаас санхүүжүүлдэг байсан. Харин Хүний хөгжил сангийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болсон. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн хүрээнд хэрэгжиж байсан хүүхдийн мөнгө олгох журам хүчингүй болж байгаа.

Тиймээс хүүхдийн мөнгө олголтыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5 "Хүүхдийн мөнгөн тэтгэмж" нэртэйгээр оруулж өгсөн. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар батлагдсан хүүхдийн мөнгө олгох журмын хувьд өмнөх журмаас нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хүүхдийн мөнгө олголтын процесс өөрчлөгдөөгүй. 

- Иргэд хүүхдийн мөнгө авдаг банкандаа дахин хандах, хүсэлт гаргах шаардлагагүй гэсэн үг үү, зарим иргэд дахин бүртгүүлэх ёстой гэсэн ойлголт авсан байсан?

- Шаардлагагүй. Хүүхдийн мөнгийг "Хүний хөгжил" сангаас олгодог байсныг нийгмийн халамжийн сангаас олгодог болсноос өөр өөрчлөлт байхгүй. Иргэд дахин бичиг баримт бүрдүүлж арилжааны банкуудад хүсэлт гаргах шаардлагагүй.

Харин шинээр төрсөн хүүхдүүд маань заавал өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, арилжааны банканд хандаж хүсэлт гаргах ёстой. Шинэ төрсөн хүүхдээ бүртгүүлээгүйгээс болоод нэг айлын хоёр хүүхдийн нэг нь хүүхдийн мөнгө авах тохиолдол гарч байгаа. Тиймээс сум, хорооныхоо нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэнд хандаж шинэ төрсөн хүүхдийнхээ мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулаарай.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 502.567 босго онооноос доош айл өрхүүд хүүхдийн мөнгөө бэлэн мөнгөөр, 502.567 босго онооноос дээш айл өрхүүд бэлэн бусаар тооцогдож 2019 оноос хойш нөхөж олгоно гэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа.