Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo Japan компани Японд анх удаа дөрвөн ажлын өдөртэй болох гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Японд цаг хэтрүүлэн ажилласнаас амиа алдах үзэгдлийг “кароши” гэж нэрлэдэг. Ажил-амьдралын тэнцвэртэй харьцаа гэдэг үзүүлэлтээр Япон улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын адагт жагсдаг нь нууц биш.

Нийт ажиллагсдын 22 хувь нь хэт олон цагаар ажиллаж, зарим нь гэр бүлтэй байх ч боломжгүй байдаг гэсэн тоон үзүүлэлт бий.

Харин сүүлийн жилүүдэд Японы засгийн газар болон хувийн компаниуд энэхүү мал мэт ажилладаг соёлыг өөрчлөхөөр ажиллаж эхэлжээ.

Тухайлбал засгийн газрын дэмжлэгтэй сар бүрийн нэг Баасан гарагийг “Урамшууллын Баасан гараг” хэмээн нэрлэж, богино ажлын цагтай байх санаачлага гаргасан байна. Үүнээс гадна зарим компаниуд тодорхой цагт офисоо хааж, ажилтнуудаа хүчээр тараадаг болсон бөгөөд гэрээсээ ажил хийх боломжийг ч гаргаж эхэлсэн юм.

Тэгвэл интернэт порталын Yahoo Japan компани Японд анх удаа долоо хоногийн гурван өдрийг амралтын өдөр болгохоор төлөвлөж эхэлжээ.

Ингэснээр бүтээмжээ бууруулахгүйгээр зардлаа багасгана гэж компани тооцоолсон байна. Yahoo Japan-ий төлөөлөгч Мэгуми  Ягита саяхан Блүүмберг сувагт ярихдаа “ажилтнууддаа эрх чөлөө олгосноор тэд богино хугацаанд хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах арга хэлбэрээ сонгож, энэ нь эцэстээ бүтээмжийг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Yahoo Japan одоогоор өөрийн 5,800 ажилтандаа сард таван өдөр офисоос гадуур ажиллах боломж олгож, хол гэртэй ажилтнууддаа сар бүр 15,000 иенийг ($130) хурдны галт тэргээр зорчиход нь зориулан олгодог болоод байгаа нь Японд том дэвшил болж байна.

 

Эх сурвалж: Quartz