Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадын банкнаас салбараа байгуулах хүсэлт Монголбанкинд одоогоор ирүүлээгүй"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
 

Монголд гадаадын тав дахь банк төлөөлөгчийн газраа нээх эрхийг Монголбанкнаас авсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Бид Монголбанкны ОНБМТ-ийн Ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлтэй гадаадын банкны төлөөлөгчийн газар, салбарын ялгаа, эрх зүйн орчин, энэ асуудлаар цаашид төв банкны баримтлах бодлогын талаар товч ярилцлаа. 


-ICBC /Хятадын Үйлдвэр Худалдааны банк/ Монголд төлөөлөгчийн газраа нээх эрхийг Төв банкнаас олгожээ. Монголд гадаадын тав дахь банк төлөөлөгчийн газраа нээлээ. Төлөөлөгчийн газрын явуулдаг үндсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

-Төлөөлөгчийн газрын явуулах үйл ажиллагааг Монголбанкнаас баталсан журмаар тодорхой зааж өгсөн байдаг. “Банкны нэгжийн журам”-ын 1.2.6 дахь заалтаар ”Банкны төлөөлөгчийн газар” гэж банкны аливаа үйл ажиллагаа эрхэлдэггүй, банкны оршин байгаа газраас өөр газар байрладаг бөгөөд банкны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулах нэгж гэж тодорхойлсон байгаа.

Өөрөөр хэлбэл, гадаадын банкны Төлөөлөгчийн газар нь банкаа төлөөлөх, дотоодын зах зээлийг судлах, өөрийн банкны талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх чиг үүрэгтэй гэж ойлгож болно. Гэхдээ аливаа нэг банкны үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглосон байдаг. 

-Төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрөл олгохын тулд Төв банкнаас тухайн банкинд ямар шаардлага тавьдаг вэ?

-Гадаадын банк Төлөөлөгчийн газраа байгуулахад тавих шаардлага, бүрдүүлэх бичиг баримтыг “Банкны тухай хууль”, Монголбанкнаас баталсан журмуудад тодорхой зааж өгсөн.

Хуулинд зааснаар тухайн банк нь санхүүгийн тайлан мэдээгээ тогтмол гаргадаг байх, мэргэжлийн байгууллагаар аудит хийлгэдэг байх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаагүй гэх мэт суурь шаардлагуудыг тавьсан байдаг.

Үүн дээр нэмээд сүүлийн гурван жилийн аудитлагдсан тайлан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын үнэлгээ, төлөөлөгчийн газрын дүрэм, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд мөрдөгдөх журам заавар нь Монгол Улсын хуулинд нийцсэн байх гэх мэт зүйлсийг журамд тусгасан.

Эдгээрийг Банкны тухай хуулийн 22.1, Банкын зөвшөөрлийн журамын 2.3-аас дэлгэрэнгүйгээр нь харах боломжтой бөгөөд Монголбанкны вебсайт дээр байршуулсан байгаа.

-Монголд гадаадын банкууд төлөөлөгчийн газар, салбараа нээхгүйгээр хөрөнгө оруулалт хийхэд харьцангуй нээлттэй байдаг гэдэг. Тэгвэл яагаад гадны томоохон банкууд Монголд төлөөлөгчийн газраа нээгээд байгаа вэ?

-Дунд, урт хугацаанд Монголын Улсын эдийн засгийн төлөв байдлыг ОУВС, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, гадны санхүүгийн компаниуд аль аль нь эерэгээр харж байгаа.

Өнөөдөр олон улсын томоохон санхүүгийн төвүүдэд үйл ажиллагаа нь зангидагдаж, дэлхийн олон оронд салбар нэгжүүдтэй нэр хүндтэй банкууд ч Монголыг сонирхоод, Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулж байна гэдэг нь үүний тод илрэл юм.

Гадны банкуудын хувьд, Монголын банкинд хөрөнгө оруулж хувь эзэмших, дотоодын банкийг бүхэлд нь худалдан авах, эсвэл охин компани, салбар, төлөөлөгчийн газар байгуулах зэрэг хэлбэрээр манай зах зээлд хөл тавих боломжтой.

Харин Төлөөлөгчийн газраа байгуулж байгаа банкууд бол манай зах зээлийг газар дээр нь ирж илүү судалж мэдэх, ингэснээр цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх зэрэг сонирхолтой байгаа болов уу.    

-Монголд гадаадын банкны салбар нээх асуудал маргаантай байдаг. Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэвлэл мэдээллийнхэнд ярихдаа “Хөрөнгө оруулалтын банк”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулж болох гарцыг гадаадын банкуудад нээж өгөх хэрэгтэй гэсэн байсан. Хөрөнгө оруулалтын банкны үндсэн шинж чанар, үйл ажиллагааны онцлогийн талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын нэршлээр инвестмент банк буюу хөрөнгө оруулалтын банк нь ихэвчлэн том компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд эсвэл засгийн газрууд гэх мэт үйлчлүүлэгчдэд хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.

Ихэвчлэн B2B үйлчилгээ үзүүлж, зохицуулагддаг хууль дүрэм нь ч иргэдэд үйлчилдэг арилжааны банкны үйл ажиллагаанаас тусдаа байх нь их.

М&A буюу компаниуд нэгдэх, нэгнийгээ худалдан авах, хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа, бонд хэлбэрээр урт хугацааны санхүүжилт босгох, зах зээлийн талаарх аналитик репортууд, төсөөлөл судалгаа гаргах зэрэг нь хөрөнгө оруулалтын бнакуудын харьцангуй танигдсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь гэж хэлж болох байх.

Жишээ нь, засгийн газрууд олон улсын зах зээл дээрээс бонд босгохдоо хөрөнгө оруулалтын банкуудын зөвлөгөө, туслалцаа үйлчилгээг авдгийг дурдаж болох юм. 

-Монголд салбараа нээх хүсэлт гаргасан гадаадын банк байгаа юу?

-Монголбанкинд өнөөдрийн байдлаар гадаадын банкнаас банк байгуулах хүсэлт ирүүлээгүй байна.

-Гадаадын банкны салбар Монголд нээгдвэл дотоодын арилжааны банкуудаа хамгаалах ямар бодлого баримтлах шаардлагатай вэ. Дотоодын арилжааны банкууд энэ асуудалд нэлээн эмзэг хандаж байгаа шүү дээ?  

-Төлөөлөгчийн газрын талаар дээр дэлгэрэнгүй ярьсан. Харин салбар бол нэлээд ялгаатай, шууд банкны үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Гадаадын банкны салбар орж ирэх нь хоёр талтай гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Нэг талаас олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг, зээлжих зэрэглэл өндөртэй найдвартай банкны төлөөлөл орж ирснээр дэлхийн шилдэг туршлага, арга барилыг Монголд нэвтрүүлэх боломж нээгдэнэ.

Харин нөгөө талаас дотоодын арилжааны банкууд бий болох өөрчлөлт, өрсөлдөөнд хувьсан өөрчлөгдөж чадалгүй, үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж чадахгүй бол мэдээж тодорхой эрсдэлүүд үүсэхийг үгүйсгэхгүй.

Иймд Монголбанк цаашид гадаадын болон дотоодын банкуудын эрх, ашгийг тэнцвэржүүлсэн зарчмыг баримтлан Монгол Улсын онцлог, нийгэм-эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан гадаадын банкны үйл ажиллагааг төрөлжсөн байдлаар тодорхой хүрээнд чиглүүлэхээр эрх зүйн зохицуулалтуудыг хийхээр ажиллаж байна.