Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ маргаантай арлуудыг хаавал дайн гарна гэж Хятадын хэвлэлүүд АНУ-д анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Өмнөд Хятадын тэнгист Бээжингийн байгуулсан хиймэл арлуудад хүрэх замыг АНУ хаахыг оролдвол “өргөн хэмжээний дайн” дэгдэнэ гэж Хятадын төрийн хэвлэлд өчигдөр гарсан нийтлэлд өгүүлжээ.

 Хэд хоногийн өмнө Дональд Трампын засаг захиргааны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшиж байгаа Рэкс Тиллерсон Сенатын гишүүдийн асуултад хариулахдаа Өмнөд Хятадын тэнгист Хятадын явуулж байгаа түрэмгий бодлогын эсрэг ийм арга хэмжээ авна гэж ярьсан юм.

Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон усан бүсийг бараг бүхэлд нь Бээжин өөрийн газар нутаг хэмээн зарлаж, зүүн өмнөд Азийн таван улс болон Тайваньтай сөргөөцөлдөж байгаа.

Тиллерсон арлуудыг Хятадаас хэрхэн тусгаарлахаа нарийн яриагүй ч цэргийн хүч хэрэглэж ийм зүйл хийх нь ойлгомжтой байна. Тэрээр Хятадын энэхүү үйлдлийг Оросууд Крымийг булаан эзэлсэнтэй адил хэрэг явдал гэж нэрлэсэн юм.

Коммунист намын мэдлийн Глобал Таймс сонинд “Хэрвээ Тиллерсон цөмийн зэвсэгтэй том гүрнийг өөрийнх нь газар нутгаас таслахыг хүсэж байгаа бол өөрөө эхлээд цөмийн зэвсгийн стратегиа сайн судлах хэрэгтэй” гэж шүүмжилжээ.

“Түүний дэмий хоосон яриаг хэрэгжүүлэхгүй байх чадал Хятадад бий…Хэрвээ Вашингтон Өмнөд Хятадын тэнгист өргөн хэмжээний дайн дэгдээхгээгүй л юм бол арлуудыг Хятадаас салгах янз бүрийн оролдлого хийгээд хэрэггүй” хэмээн нийтлэлд өгүүлсэн байна.

Барак Обамагийн үед АНУ энэхүү асуудалд төв байр сууринаас хандаж, хааяа байлдааны хөлөг онгоцыг Хятадын хяналтын бүсээр зорчуулж Бээжинд сануулга өгөхөөс хэтэрдэггүй байсан юм.

Харин энэ байр суурь өөрчлөгдөж, АНУ Хятадын дотоод хэрэгт оролцож эхэлбэл зэвсэгт мөргөлдөөнд хүргэнэ гэдгийг мөн төрийн мэдлийн China Daily сонинд бичжээ.

Дональд Трампын шинээр томилж байгаа Үндэсний Худалдааны Зөвлөлийн тэргүүн Питер Наваро мөн Хятадын эсрэг худалдааны хатуу бодлого явуулахаа байнга илэрхийлдэг.

Ирэх долоо хоногийн Баасан гарагт Дональд Трамп тангараг өргөж, Цагаан ордонд албан ёсоор ажиллаж эхэлнэ. Түүний засаг захиргаа дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улстай харилцах АНУ-ын бодлогод ямар өөрчлөлт оруулах нь анхаарлын төвд байна.

Хэдийгээр дээрх мэдээллүүд нь Бээжингийн албан ёсны байр суурь биш ч Хятадын Коммунист Намын бодлогын шууд илэрхийлэл болдог юм.

 

Эх сурвалж: The Guardian