Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсэн болохоос өмнөх эхийн цусны даралт хүүхдийн хүйсийг тодорхойлдог гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Жирэмслэхээс өмнөх эхийн цусны даралтын хэмжээ ямар хүйстэй хүүхэд төрүүлэхийг шийддэг байж магадгүй гэсэн дүгнэлтийг хэсэг эрдэмтэд хийжээ.

Тэдний судалгаагаар цусны даралт нь бага байсан эхээс охин, өндөр байсан эхээс хүү төрөх хандлага илүү ажиглагдсан байна. Гэхдээ хүүхэд олохын өмнө зориудаар цусны даралтаа өөрчилж хүйсэнд нөлөөлж болдог эсэх нь тодорхойгүй байгааг дурджээ.

Судлаачдын нэг, Торонтогийн Маунт Синай эмнэлгийн эндокринологист, доктор Рави Ретнакаран хэлэхдээ тэдний судалгаа анх удаа хүүхдийн хүйсэнд эхийн цусны даралт нөлөөлдөг байж магадгүй гэсэн санааг гаргаж ирж байгаагаараа онцлог гэсэн байна.

Судалгааны тайлангаа тэд The American Journal of Hypertension сэтгүүлд нийтлүүлжээ. Судалгааг хийхдээ Хятадын Люянь хотын хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн бүлэг эхчүүдийг ажигласан байна.

Эхчүүдийн цусны даралтыг жирэмсэн болохоос нь өмнө хэмжиж, мөн бусад хүчин зүйлс болох нас, тамхи татдаг эсэх, жин, холестеролын хэмжээ зэргийг нь бүртгэж авсан гэнэ.

Ингээд 1,411 эхийн 739 нь хүү, 672 нь охин төрүүлсэн байна. Ингэхэд охин төрүүлсэн эхчүүдийн цусны даралт жирэмсэн болохоос өмнө 103.3mmHg хэмжээтэй байсан бол хүү төрүүлсэн эхчүүдийнх 106 буюу 2.6 хувиар өндөр байжээ.

Хүн төрөлхтөн түүхийн туршдаа төрөх хүүхдийн хүйсэд нөлөөлж болох эсэхийг янз бүрээр тайлбарлаж байв. Тухайлбал, Аристотель сексийн үед эрэгтэй нь хэр хүсэж, эрч хүчтэй байснаас шалтгаалдаг гэсэн бол эртний Грекийн бусад философичид биеийнхээ баруун, зүүн талаар хэвтсэнээс хамаарна гэж тайлбарлаж байжээ.

Бүр 18 дугаар зууны Францын нэгэн эмч хэрвээ хүү хүсвэл эрчүүдийг зүүн төмсгөө авхуулах хэрэгтэй гэж номлож байсан нь гайхмаар. Эдгээрээс гадна хоолны найрлага, орон дороо тусгай чулуу байрлуулах гээд уламжлалт олон янзын дом, эмчилгээ яригддаг байсан юм.

2009 онд зарим судлаачид экваторын бүсэд ойрхон байх тусам охин төрүүлэх магадлал нэмэгддэг гэсэн дүгнэлт хийж байжээ.

 

Эх сурвалж: Independent