Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн тэргүүнийг 22 цаг байцаасны дараа гэрт нь хариулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён олон цагийн турш ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний найз Чой Сүүн Силийн хэрэгтэй холбогдуулан байцаалт өгсний дараа өнөөдөр өглөө гэртээ харьжээ.

Түүнийг өчигдөр өглөө 09:30 цагт Сөүлийн өмнөд дүүргийн прокурорын газарт байцааж эхэлсэн бөгөөд өнөө өглөө 07:50 цагт тэндээс гарсан байна.

Олон цагийн байцаалтаас чөлөөлөгдсөн Ли хэвлэл мэдээллийнхэнд ямар ч мэдээлэл өгөөгүй гэнэ.

Одоо мөрдөн байцаагчид түүнийг баривчлах эсэхээ шийдэх юм.

Самсунгийн тэргүүнийг ерөнхийлөгчийн найзын хувийн санд их хэмжээний хандив өгч, хариуд нь ерөнхийлөгчийн дэмжлэгийг өөртөө ашигтай наймаанд авсан гэж сэжиглэж байгаа.

 Чой Сүүн Силийн хувийн Mir, K-Sports сангуудад Самсунг корпораци нийтдээ 20 тэрбум воны ($16.5 сая) хандив өгсөн байна.

2015 онд Самсунгийн хоёр салбар компанийг нэгтгэх шийдвэрт тус компанийн том хувь эзэмшигч Үндэсний Тэтгэврийн Сангийн санал чухал үүрэгтэй байсан юм. Уг сан нь Өмнөд Солонгосын засгийн газрын удирдлагад байдаг бөгөөд хоёр компанийг нэгтгэснээр Ли Жэ Ёны групп дотрох эрх мэдэл огцом нэмэгдсэн гэдэг.

Тиймээс Лиг зохиомлоор нэг компанийн үнэлгээг бууруулж, нөгөө компанитай нэгтгэхдээ ерөнхийлөгчөөс дэмжлэг авсан гэж үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times