Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Японы дайныг 1931 онд эхэлснээр түүхийн сурах бичгүүдэд өөрчлөлт оруулна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Японтой хийсэн дайны эхэлсэн хугацааг Хятадын засгийн газар зургаан жилээр урагшлуулж тооцохоор болсон нь хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжлийг бэхжүүлэх зорилготой хэмээн Хятадын төрийн хэвлэлд мэдээлжээ.

Хятадуудын нэрлэдгээр Японы түрэмгийллийн эсрэг дайн нь 1937-1945 оны хооронд үргэлжилсэн гэж өмнө нь заадаг байв. Харин энэ оноос эхлэн 1931-1945 он болгон сунгаж байна.

Бага сургуулиас эхлээд их дээд сургуулиудын түүхийн сурах бичигт ийм өөрчлөлт оруулж, зааж эхлэхээр болжээ.

1931 онд Японы эзэмшлийн Мүгдэн дэхь төмөр замыг дэлбэлсний дараа Японы эзэн хааны арми Манжуурт цэргээ оруулсан явдлыг одооноос эхлэн дайны эхлэл гэж тооцох юм.

Өмнө нь дайн эхэлсэн үйл явдлыг 1937 онд Бээжингийн ойролцоох Марко Поло гүүрэн дээр болсон Япон-Хятадын цэргийн мөргөлдөөнийг гэж үзэж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япончуудын үйлдсэн гэмт хэргийг хэрхэн үздэгээс болоод Хятад, Япон улсуудын хооронд удаан хугацаанд маргаан оршсоор байгаа юм.

Япончууд 2016 онд түүхийн сурах бичигтээ 1937 оны Нанжингийн хядлагын зарим баримтыг өөрчилсөн нь Хятадын талын дипломат эсэргүүцэлтэй тулгарч байв.

Хятадын тал Нанжинд 300,000 хүн алагдсан гэж үздэг бол Япончууд үүнийг хэтрүүлэгтэй тоо гэж үздэг юм. Тэгвэл Хятадын тал Японыг эсэргүүцэх дайн 1937 оны долдугаар сарын 7-нд эхэлсэн баримтыг шинэчилж, 1931 оны есдүгээр сарын 18 болгож байгаа нь энэ.

Лхагва гарагт болсон Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн бага хурал дээр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан сурах бичигт өөрчлөлт орсноор залуу үеийнхэн өнгөрсөн дайны сургамжийг мартахгүй байх ач холбогдолтой гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Japan Times