Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хэрвээ Путин надад талтай байдаг бол энэ нь миний сул тал биш, харин давуу тал

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өчигдөр анх удаа албан ёсны хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурал түүнийг Москвагийн дарамтанд орсон хүн гэх мэдээлэл цацагдсаны дараа болж байгаагаараа онцлог байв.

Хурлын эхэнд Трампын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер BuzzFeed сайт болон CNN-ий тараасан уг мэдээллийг няцааж, энэ бол хандалт олж авах гэсэн арчаагүй арга гэсэн юм.

Трамп мөн өөрийг нь Москвагийн атганд орсон хүн гэх мэдээллийг эрс няцааж, BuzzFeed сайтыг “хогийн сав” гэж нэрлээд хуралд ирсэн CNN-ийн сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзжээ.

Тэрээр олон сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулсны дотор Оросын кибер халдлага, Трампын Оростой харилцах харилцааны талаар голлож байлаа.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ямар харилцаатайг нь сонирхоход Трамп “Хэрвээ Путин надад талтай байдаг бол энэ нь миний давуу тал юм. Харин дутагдал биш” гэжээ.

Тэр цааш нь “Та бүхэн Хиллариг Путинд надаас илүү хатуу хандана гэж үнэхээр итгэж байна уу? Үүнд найдах хэрэггүй” гэсэн юм.

Трамп хувийн бизнес нь ерөнхийлөгчийн албыг хашихад саад учруулахгүй гэсэн нь энэ өдрийн бас нэг гол мэдэгдэл байв.

Түүний бизнест ямар ч зээл, өр төлбөр, Оростой хийх гэрээ байхгүй гээд “ерөнхийлөгч болоход ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэжээ.

Трамп өөрийгөө “бизнесээ ч удирдаад, улс орноо ч удирдаад явах чадвартай хүн” хэдий ч компанийхаа бүх удирдлагыг хоёр хүүдээ шилжүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Түүний хоёр хүү болох Дон, Эрик нар Трамп Организэйшн компанийг удирдах гэнэ.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр Трампын компанид $4 тэрбумын гэрээний санал Дубайгаас ирсэн ч хүлээж аваагүй гэдгээ тэр мэдэгдсэн юм.

Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд түүний компани гадаадын ямар ч бизнес хэлэлцээрт орохгүй, зөвхөн дотоодын бизнест оролцох бөгөөд шийдвэр гаргах явцад нь Трамп оролцохгүй гэдгийг түүний хуулийн зөвлөх мэдээлсэн байна. Мөн түүний зочид буудлын сүлжээнд гадаадын засгийн газруудаас төлсөн төлбөрийг 100 хувь АНУ-ын холбооны нөөцийн санд хандивлах шийдвэрийг Трамп өөрөө гаргасан гэнэ.

Мэдээж түүний хэвлэлийн хурлыг Мексикийн хилийн дагуу босгох хананы асуудал тойрч гарсангүй. Энэ талаар Трамп “Энэ бол тор татах биш, хана босгох тухай. Бид уг ханыг босгоно” гээд уг ажлыг даруй эхлэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. “Мексикчууд хана босгосон зардлыг төлөх л болно. Ийм зүйл гарцаагүй болно” гэж Трамп хэлсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today