Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатарын талбайд төслийн 100 зуух галлахад шаталт бүрэн явагдаж утаа бараг гарахгүй байв

ikon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хөтөлбөрийг үргэлжлүүлэхгүй бол үр дүн саарч болзошгүй гэж Дэлхийн банк анхааруулж байжээ...

Цэвэр Зуух Санаачлага хөтөлбөрийн Монгол улс дахь хэрэгжилтийн талаарх Дэлхий Банкны судалгаанаас хүргэж байна.

Судалгаанаас харвал НҮБ-ын уриалгаар Монгол, Хятад, Индонез, Лаос улсуудад Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр Цэвэр Зуух Санаачлага хөтөлбөр хэрэгжжээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шатанд Монгол улсын хүчин чармайлтын үр дүн сайн байжээ. Харин цаашдаа хөтөлбөрийн цогц, тасралтгүй үйл ажиллагаа алдагдсанаас болж өнөөдрийн гамшигт байдал бий болсон гэж дүгнэж болохоор байна.

  • Хятад, Индонези, Лаосын БНАУ, Монгол гэсэн дөрвөн орныг хамарч буй Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн Цэвэр Зуух Санаачлага хөтөлбөр болон өрхийн түвшинд хоол унд хийх, халаах орчин үеийн шийдлүүдийн тухайд бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, суралцах, мэдлэг туршлагаа хуваалцах форумын хүрээнд энэхүү судалгааг Австралийн Засгийн газрын санхүүжилтийн дэмжлэгтэй явуулав.
  • НҮБ-аас 2030 он гэхэд орчин үеийн зуухыг бүх нийтээр хэрэглэх зорилт дэвшүүлж, улмаар 2013 оныг Тогтвортой эрчим хүчний жил болгон зарласан ба 2030 он гэхэд зорилтондоо хүрч чадвал орчин үеийн эрчим хүчний хэрэглээг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх болно.
  • Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот төдийгүй дэлхийн хамгийн бохирдсон хотуудын нэг болж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын тусдаа /дан байшин болон гэрт/ амьдардаг айлууд нүүрс, мод түлж дулаанаа хангадаг хэдий ч хотын агаарт цацагдаж буй нарийн тоосонцор хэлбэрт жижиг хэсгүүдийн (PM 2,5) 60 орчим хувийг ялгаруулж, энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс үлэмж хэтрэн, хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлөх түвшинд хүрчээ.
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга хэмжээний нэг хэсэг болгон хандивлагч байгууллагууд 2009-2011 онд жижиг туршилтуудыг хэрэгжүүлсэн юм.
  • 2011 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Эрдэс баялаг эрчим хүчний Яамнаас хэрэгжүүлсэн техник туслалцааны төслийн хүрээнд зуухны утаа ялгаруулах түвшин болон үр ашгийг турших лабораторийг байгуулсан ба тус лаборатори Монголын МСС, Цэвэр агаар төслөөс татаас олгосон Турк, Хятадад үйлдвэрлэсэн  загварын зуух болон өөр төрлийн зууханд 80 гаруй туршилт хэмжилт хийжээ.
  • Мянганы Сорилын Сангийн санхүүжилттэй зуух солих төсөл нь зохих шалгуур хангасан зуухыг борлуулж, суурилуулсны дараа хэрэглэгчдэд татаасны төлбөр төлөх маягаар үр дүнд чиглэн хэрэгжиж байна.
  • 2012 оны 11-р сарын эцэс гэхэд Улаанбаатар хотын төвлөрсөн гэр хорооллын бүх айл өрхийн бараг 55% нь хорт утаа бага ялгаруулдаг утаа багатай зуух худалдан авсан бөгөөд зорилтот хороодын айл өрхийн 69%-д борлуулсан зуух татаасын дэмжлэгтэй зуух байлаа.
  • Улаанбаатар хотод утаа багатай зуухны зах зээлийг бий болгон хөгжүүлсэн туршлага нь хоол унд хийх, халаалт хангах цэвэр шийдлүүдийг боловсруулж, олон улсад хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой жишээ болохоор байна.
  • Улаанбаатар хотын гэр хорооллыг хамарсан судалгаа болон Улаанбаатар хотоос гадагш нутаг дэвсгэрт хийсэн зуухны зах зээлийн түргэвчилсэн үнэлгээний үр дүнгээс харахад хэрвээ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй бол өнөөдрийг хүртэл хийсэн зуух солих хүчин чармайлтын үр дүн саарч болзошгүй гэсэн дүгнэлт гарч байна.
  • Хэрэглэгчид утаа багатай зуухыг бохирдол бууруулахаас гадна тэдний хувьд хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох түлш хэмнэдэг гэж үздэг.
  • Улаанбаатар хотын гэр хороолол болон захын дүүргүүдийн өрхүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур ядуу амьдралтай бөгөөд Улаанбаатар хотод ажлын байр хайн хөдөө орон нутгаас олон өрх нүүдэллэн ирж, эдгээр гэр хороолол, захын дүүргүүдэд суурьшин, хүн ам, өрхийн тоог нэмэгдүүлсээр байна.
  • Гэр хороололд харьцангуй их нүүрс түлдэг олон тооны өрхүүд утаа багатай зуухны зах зээлд оролцохгүй хэвээр байна.
  • Айл өрхүүд хөнгөлөлттэй үнээр олгосон зуухыг өөрсдөө ашиглах гэрээнд гарын үсэг зурж байгаа ч үнийн хувьд ердийн зуухнаас хамаагүй хямд авч байгаа нь илүү үнээр цааш нь зарах сонирхолыг бий болгож байна.
  • Хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэн, зах зээлийн эрэлтийг хангахад туслах мэргэжлийн ноу хау, хэрэглэгчдийн хандлагын талаарх мэдээлэл, шинэ бүтээлч санааг хувийн хэвшилээс л авч болох тул тэдэнтэй хамтран ажиллах нь зах зээлд үндэслэсэн аливаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх тун чухал хүчин зүйл мөн. Хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч нар хөтөлбөртэй хамтран ажиллах сонирхолгүй болсон талаар мэдээлэл ирэх болсон нь утаа багатай зууханд шилжсэн зах зээлийг аливаа татаасгүйгээр дэмжих гарцыг олоход эрсдэл учирч болзошгүйг харуулж буй тул хөтөлбөрийн дараагийн шатанд хувийн хэвшлийнхэний санал бодлыг илүү сайн анхаарч тусгаж байх хэрэгтэй.
  • Японы Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/ Улаанбаатар хотын агаарын чанарын судалгаа хийхэд үзүүлж буй техникийн туслалцаа болон Мянганы Сорилын корпорацийн санхүүжилтаар Мянганы Сорилын корпораци болон Мянганы Сорилын сан Монгол улсад хэрэгжүүлж буй зуух солих төслийн үнэлгээний материалаас агаарын бохирдлыг бууруулах нөлөөний урьдчилсан тандалт дүгнэлтийн талаар шинэ мэдээлэл авах боломжтой.

/documents.worldbank.org ДЭЛХИЙН БАНК, МОНГОЛ УЛСЫН ЦЭВЭР ЗУУХ САНААЧЛАГА, СУДАЛГААНЫ ТАЙЛАНГААС/