Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн цөмийг бүрдүүлдэг гуравдагч элементийг ЦАХИУР гэж дүгнэжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Японы эрдэмтэд дэлхийн цөмийг бүрдүүлдэг гурав дахь элемент нь цахиур гэсэн дүгнэлт хийжээ.

Манай дэлхийн бөмбөрцгийн голд байдаг цөм нь төмөр, никель гэсэн хоёр элементээс тогтдогийг тодорхойлсон ч үлдсэн гурав дахь элементийг юу болохыг олон арван жил судалж байгаа юм.

Энэхүү судалгааны үр дүн дэлхий хэрхэн бий болсныг судлахад чухал дэмжлэг болох гэнэ.

Тохоку Их сургуулийн тэргүүлэх судлаач Эйжи Отани “Жингийн хувьд цахиур нь дэлхийн цөмийн 5 хувийг бүрдүүлдэг гол элемент гэж бид үзэж байна. Энэ нь төмөр-никелийн хайлшид ууссан хэлбэртэй юм” гэж ярьжээ.

Дэлхийн бөмбөрцгийн гүнд 1,200 км радиустай цөм байдаг.

Үүнийг шууд хүрч судлах боломжгүй тул газрын гүний чичирхийллийн долгионыг шинжлэх замаар судалдаг юм.

Одоогийн онолоор уг цөмийн жингийн 85 хувийг төмөр, 10 хувийг никель эзэлдэг гэдэг. Харин үлдсэн 5 хувьд ямар элемент байгааг илрүүлээгүй байсан юм.

Тэгвэл Эйжи Отани болон түүний баг ижил бүтэцтэй хайлш гаргаж, түүндээ цөмийн хэмжээтэй ижил даралт, халалт өгсний дараа үр дүнг дэлхийн чичирхийллийн мэдээлэлтэй харьцуулж, гурав дахь элементийг цахиур гэж баталсан байна.

Одоо Отани профессорын баг үлдсэн 5 хувьд цахиураас өөр элемент байхгүй гэдгийг улам баталгаажуулахаар ажиллах гэнэ.

Судалгааны үр дүн 4.5 тэрбум жилийн тэртээ манай дэлхийг үүсэх үеийн орчин, нөхцөл ямар байсныг мэдэх чухал ач холбогдолтой гэж бусад эрдэмтэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: BBC