Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахилгааны үүдэлтэй гал түймрийн гаралт нэмэгдэж болзошгүй байна"

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж байна. Энэ үед галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Тус өдөрлөг өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулагдсан юм.

Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын албан хаагчид, УБЦТС компанийн ажилтнууд мэдээлэл өгч байна.

БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч, Онцгой байдлын дэд хурандаа Б.Сүхбаатар "Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуурын хэрэглээ нэмэгдэж, цахилгааны үүдэлтэй гал түймрийн гаралт нэмэгдэж болзошгүй байна. Тиймээс УБЦТС болон Нийслэлийн онцгой байдлын газар хамран гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Яг одоогийн нөхцөлд бол манай иргэдийн хэрэглэж байгаа цахилгаан дамжуулах утас, монтаж төдийлөн шаардлага хангахгүй байгаа. Энэ нь иргэдийн амьдралын боломжтой холбоотой байдаг учраас шаардлага хангах шахалт үзүүлэхэд түвэгтэй байдаг" хэмээн ярилаа.

Нийслэл хотод жилд дунджаар 3,000 орчим аюулт үзэгдэл, осол, гал түймэр бүртгэгддэгийн 90 орчим хувь нь гал түймэр байдаг. Гал түймэр дотроо 80 орчим хувь нь гэр хороололд гардаг байна. Галыг шалтгаанаар нь ангилж үзвэл 50 гаруй хувь нь цахилгаан угсралт, ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй байдаг аж.
 

Цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгөх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд буюу хоёрдугаар сарын 10 хүртэл томоохон зах худалдааны төвүүд болон гэр хороолол бүхий хороод дээр зохион байгуулах юм байна.

УБЦТС ТӨХК-ийн зүгээс эхний ээлжинд халаах орчин буюу гэр байшингийнхаа талбайд тохирсон цахилгаан халаагуурыг сонгоод дараа нь тухайн халаагуурынхаа хүчин чадалд тааруулан цахилгааны утсаа сонгохыг зөвлөж байлаа.  

Мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс болон 70047004 утсаар авах боломжтой аж.

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэснээс хойш эрчим хүчний хэрэглээний ачаалал 0.5 хувиар өссөн бөгөөд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс айл өрхүүд халаагуур хэрэглэх нь нэмэгдэж, эрчим хүчний ачаалал өсөх хандлагатай байгааг албаныхан хэлж байгаа юм. 

Зөвлөгөө
  • Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх
  • Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх
  • Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур  сонгох
  • Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх
  • Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
  • Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх
  • Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа хэрэглэх
  • Мөн гэр, сууцны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална. Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь 25А-ын автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Цахилгааны оруулгын зэс утас 2*4 мм2, хөнгөн цагаан утас 2*6 мм2-аас дээш голчтой байвал тохиромжтой.