Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн "ханхүүг" маргааш авлигын хэрэгт сэжигтнээр татаж, байцаахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулианы хүрээнд Самсунг группын өв залгамжлагч Ли Жэ Ёнг авлигын гэмт хэргийн сэжигтнээр татаж, байцаах болсноо прокурор өнөөдөр мэдээллээ.

Самсунг группын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Ли Кун Хигийн хүү, Самсунг группын дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг маргааш буюу Пүрэв гарагт байцаахаар болжээ. Ингэхдээ тэд анх удаа Лиг сэжигтэн гэж нэрлэсэн байна.

Пак Гын Хэ ерөнхийлөгчийн найз Чой Сүүн Сил тус улсын томоохон компаниудыг дарамтлан хандив нэрээр мөнгө авдаг байсан гэгдэж байгаа юм. Тэр өөрийн нэр дээр байдаг ашгийн бус байгууллагад ийм замаар орж ирсэн мөнгийг хувийн зорилгоор ашигладаг байжээ.

Чой хатагтайн байгууллагад хамгийн их мөнгө хандивлагч нь Самсунг байсан юм. Мөн Самсунг нь Германд морин спортоор хичээллэдэг Чой Сүүн Силийн охины зардалд олон сая евро гаргаж байсан нь батлагдсан.

Харин прокурорууд Ли болон бусад Самсунгийн хүмүүсийг удаан хугацаанд байцааж байгаа ба гол нь тэд албадлагаар ийм хандив өгсөн үү, эсвэл хариуд нь ерөнхийлөгчөөс ямар нэг дэмжлэг авсан уу гэдгийг шалгаж байгаа ажээ.

Шалгалтын хүрээнд 2015 онд Самсунгийн хоёр салбар компанийг нэгтгэх ажиллагаанд эрх баригчдын дэмжлэг орсон эсэхийг шалгаж байна.

Cheil Industries болон Samsung C&T компаниуд нэгдсэн нь тус группын өв залгамжлагч Ли Жэ Ёны эрх мэдлийг бататгах томоохон алхам болсон.

Ингэхдээ Samsung C&T компанийн үнэлгээг зориудаар бууруулан тооцож, үүнийг нь Самсунгийн томоохон хувь эзэмшигч болох Солонгосын Үндэсний Тэтгэврийн Сан дэмжсэн нь олон нийтэд сэжиг төрүүлж байсан юм.

Тэтгэврийн Үндэсний Сан нь Өмнөд Солонгосын нийгмийн хамгааллын сайдын мэдэлд байдаг, дэлхийд гуравт орох том сан ажээ.

Нийгмийн хамгааллын сайд асан хүнийг өнгөрсөн сард баривчилсан бөгөөд түүнийг Самсунгийн компаниудын нэгдэх наймааг дэмжихийг Сангийн ажилтнуудад тулгаж, нөлөөлсөн гэж буруутгаж байв.

 

Эх сурвалж: Korea Times