Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ эзэн хаан 2019 оны нэгдүгээр сарын 1-нд титмээ зүүж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Японы эзэн хааны гэр бүл

Одоогийн эзэн хаан Акихитогийн нас өндөр болсон тул хаан ширээнээсээ татгалзах хүсэлтийг харгалзан үзэж, угсаа залгамжлагч ханхүү Нарухитог 2019 оны нэгдүгээр сарын 1-нд өргөмжлөх санаа засгийн газрын түвшинд яригдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.

Ингэснээр шинэ хааны засаглалын үеийг шинээр нэрлэх хэрэгтэй болж байгаа гэнэ. Одоогийн хааны засаглалыг “Хэйсэйгийн Эрин” гэж нэрлэдэг бөгөөд 1989 оны нэгдүгээр сарын 8-нд буюу өмнөх эзэн хаан Хирохитог нас барсны маргаашаас тоолж эхэлсэн байдаг.

2019 онд шилжүүлэхээр төлөвлөсний шалтгаан нь улс орны хэмжээнд эриний нэрийг солиход бэлтгэл хугацаа шаардлагатай байгаатай холбоотой гэнэ.

Гэхдээ үүнээс эрт 56 настай ханхүү Нарухитог хаан ширээнд өргөмжлөх боломжийг ч судалж байгаа гэжээ.

83 настай эзэн хаан Акихито өнгөрсөн наймдугаар сард олон нийтэд хандсан мэдэгдэлдээ хаан ширээнээс татгалзах хүслээ тодорхой илэрхийлсэн юм.

Токиогийн эрх баригчид эзэн хааны залгамжлах цаг хугацааг 2018 оноос өмнө байх ёсгүй гэж үзэж байна. Учир нь 2018 он бол Хэйсэйгийн эриний 30 дахь жил тул энэхүү түүхэн оныг хүргэх нь зүйтэй гэж байгаа юм.

Энэ утгаараа 2018 оны нэгдүгээр сар хамгийн тохиромжтой хугацаа боловч хэт шахуу төлөвлөгөө гэж засгийн газрын гишүүд үзэж байна.

Засгийн газрын боловсруулсан саналыг Японы парламентын дээд, доод танхимууд хэлэлцсэний дараа эцсийн шийдвэр гарах юм.

 

Эх сурвалж: Japan Times