Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭННамтай хамтарч Ерөнхийлөгчийг огцруулна гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан, ТТЭН-ын дарга Г.Уянга нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн нам /ТТЭНН/-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг гаргаж УИХ-ын дарга болон гишүүдэд хүргүүлжээ.

Уг жагсаалтыг хүлээн авсан УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭНН-тай хамтарч ажиллах болж буйгаа өнөөдөр илэрхийллээ.

Ингэснээр С.Жавхлан гишүүн УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулах боломжтой болж байгаа юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан "Би хувьдаа энэ үндэслэлүүдийг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Их хуралд хандана" гэлээ. 

Харин ТТЭНН-ын дарга Г.Уянга "Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүдийг гаргаад УИХ-ын дарга болон гишүүдэд хандсан. Ерөнхийлөгчийг огцруулах цорын ганц субьект бол УИХ. Бүх гишүүдэд хандсан ч ганцхан С.Жавхлан гишүүн дуудаж уулзсан. С.Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг цааш нь аваад явах болсонд баяртай байгаа" гэв.

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан, ТТЭНН-ын дарга Г.Уянга нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг цааш нь аваад явна гэлээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ-д оруулна гэсэн үг үү. Энэ ажлаа хэзээнээс эхлэх вэ? 

С.Жавхлан: -Даруйхан, өнөө маргаашгүй энэ асуудлыг оруулна. 

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн энэ үед огцруулах асуудал ярих шаардлага байна уу? 

Г.Уянга: -Хууль зөрчсөн үйлдэлд хугацаа чухал биш гэж бодож байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.