Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Обама ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн үгээ Америкчуудад хэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Барак Обамагийн үдэлтийн ёслол

Барак Обама ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацааныхаа сүүлчийн үгийг Америкчуудад хандан хэдхэн цагийн өмнө хэллээ.

Тэр үдэлтийн үгээ төрөлх Чикаго хотод хэлж, Америк даяар шууд дамжуулсан байна. Найман жил ерөнхийлөгчийн албыг хашихдаа амжуулсан ажлуудаа тайлагнаснаас гадна Обама Дональд Трампын ялалтад балмагдсан дэмжигчдээ тайтгаруулж, зоригжуулах үгсийг хэлсэн юм.

Обамагийн гүйцэтгэсэн ажлуудыг Ираны цөмийн хэлэлцээр, Америкийн эрүүл мэндийн системийн шинэчлэл буюу Obamacare өнгөлж байв. Харин дараа нь тэр дэмжигчиддээ хандан ардчиллын бамбарыг алдалгүй буухиалж, ардчиллын төлөө тэмцэх, шинэ “нийгмийн нягтралд” уриалсан байна.

Өөрөөр хэлбэл Америкийн иргэд арьс өнгөний үзэл, улс төрийн нам, эрх тэгш бус байдлаар хуваагдалгүй, нэгдмэл байхыг уриалжээ. “Бид унасан ч, боссон ч хамтдаа” гэж Обама санууллаа.

Обамагийн үгийн ихэнх хэсэг уриалсан, зоригжуулсан өнгө аястай байсан ч сүүлийн хэсэгт тэр өөрийн эрхгүй нулимс унагажээ.

Тэрээр 10 хоногийн дараа өөрийг нь залгамжлах Дональд Трампын нэрийг огт дурдсангүй. Үзэгчдийн зарим нь түүнийг дахин ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжсэн уриа хашхирахад Обама эсэргүүцээд “манай үндэстний агуу хүч чадлын нэг үзүүлэлт бол нэг ерөнхийлөгчөөс дараагийн ерөнхийлөгчид эрх мэдэл тайван замаар шилжих явдал юм” гэсэн байна.

Нүдэндээ нулимстай Обама энэ үеэр өөрийн гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн юм.

Тэр Мишел Обамаг зөвхөн эхнэр, хүүхдүүдийнх нь эх төдийгүй сайн найз байсныг хэлжээ. “Чи минь сайн үлгэр жишээ болж байсан учраас шинэ үеийнхэн маань хараа дээгүүр амьдрах болно. Чи бол миний бахархал. Чи бол улс орны маань бахархал” гэж Обама магтсан байна.

55 настай Обамагийн хийж бүтээснийг харин дараагийн ерөнхийлөгч Дональд Трамп буцаах магадлал өндөр багаа юм. Сонгуулийн өмнө болон дараа нь Обама, Трамп нар харилцан бие биеэ ширүүн шүүмжилж байсан бөгөөд Америкийн түүхэнд ийм зөрчилтэй ерөнхийлөгч нар эрх мэдлийн шилжилт хийж байгаагүй гэхэд болно.

Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд буюу дараа долоо хоногийн Баасан гарагт Вашингтон хотноо тангараг өргөнө.

 

Эх сурвалж: South China Morning Post