Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугийн улмаас зүүн аймгуудад олон нийтийн үйлчилгээг ТҮР ХЯЗГААРЛАСАН"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас амбулаторийн нийт үзлэгийн 15 хувийг тухайн өвчлөл эзэлсэн тохиолдолд хөл хорио тогтоохыг зөвлөдөг бөгөөд энэ үүднээс Эрүүл Мэндийн Яамнаас Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авах санал хүргүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Халдварт өвчин тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхээс дараах зүйлийг тодрууллаа.


- Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улмаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан ямар арга хэмжээ авч байна?

- Томуу хүндэрч хатгаа болох, нарийн гуурсан хоолойн үрэвсэл болох амьсгалын дутагдал зэрэг хүндрэл байдаг учраас ханиад томуугийн дэгдэлтийн үед хүүхдүүд зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байж бүрэн эдгэрдэг.

Энэ жилийн хувьд бага насны хүүхдийн өвчлөл ихэссэн учраас эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн байгаа. Нийслэлийн хэмжээнд бүх эмнэлгүүд нийт 1,897 ортой байдаг.

Нэгдсэн эмнэлгүүдийн орны ачаалал өнөөдрийн байдлаар 16.3 хувиар нэмэгдээд байна.

Хүүхдийн орны ачаалал хэтэрсэн энэ үед зохицуулах хоёр төрлийн ажил хийж байна.

Нэгдүгээрт, насанд хүрэгчдийн орыг хүүхдийн оронд шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдийн шаардлагагүй хэвтэлтийг багасгаж, хүүхдийн оронд шижлүүлж байна гэсэн үг. Насанд хүрэгчдэд зориулсан нийт орны 20 гаруй хувийг хүүхдийн оронд шижлүүлсэн байгаа.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн байгууллагууд дотоод нөөц бололцоо, өрөө тасалгаа буюу эмчийн өрөө, сургалтын өрөө, сувилагчийн өрөө болон өнөөдөр зайлшгүй шаардлагатай бус байгаа буюу уламжлалт, физик эмчилгээний зэрэг нөөц өрөөнүүдийг сулалж ор дэлгэж ажиллуулж байна.

Одоогийн байдлаар нийт 600 орчим орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлээд байна.

Нөгөө талаас ханиад томуугийн хүндрэл, ачааллаас сэргийлж эрсдэлтэй бүлгийн буюу 2-5 насны хүүхдүүд, өндөр настан, уушгины архаг өвчтэй хүмүүсийн гэрээр эргэх, гэрт нь очиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зөвлөгөө өгч, эмчилгээ хийх зэрэг ажлыг Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль зэргээс нийт 533 орчим хүний нөөцийг бүрдүүлж ажиллаж байна.  

- ДЭМБ-аас нийт үзлэгийн 15 хувийг эзлэхэд хөл хорио тогтоохыг зөвлөдөг. Энэ талаар Эрүүл Мэндийн Яамнаас санал ирүүлсэн. Одоогоор ачаалал ямар байна?

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358-р тушаалд тухайн өвчлөл амбулаторийн үзлэгийн 15 болон түүнээс дээш хувийг эзэлсэн тохиолдолд хөл хорио тогтооно гэсэн заалт бий.

Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 10 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Өөрөөр хэлбэл, 99,000 орчим амбулаторийн үзлэгийн 10 хувь нь буюу 9,000 орчим нь томуу, томуу төст өвчин байна гэсэн үзүүлэлт гарсан байна.

- 15 хувьд хүрээгүй байгаа учраас хөл хорио тогтоох арга хэмжээ авахгүй гэж ойлгож болох уу?

Томуугийн халдварын үед энэ арга хэмжээг арай өөр утгаар хэрэгжүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үүнд хүүхдийн байгууллагуудыг түр хаах болон олон нийтийн үзвэр үйлчилгээг хязгаарлах гэсэн асуудал яригдана. Харин хөл хорио тогтоох гэдэг асуудал онцгой нөхцөл байдлын хэмжээнд яригдах асуудал.

Үзлэг 10-15 хувь байна гэдэг нь тухайн орон нутгийн бүсэд халдварын дэлгэржилт явагдаж байна гэсэн үг. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн үзлэг нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Зүүн аймгууд буюу тухайлбал, Сүхбаатар аймагт нийт амбулаторийн үйлчилгээний 22 хувь нь, Дорнод аймагт 14-15 хувь нь томуугийн халдвар байгаа учраас хүүхдийн байгууллага болон олон нийтийн үйлчилгээнүүдийг түр хаасан асуудал гарч байна.

Сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа, олон нийтийн үйлчилгээ тодорхой хэмжээгээр багасна.

Гэхдээ цаашид томуу, томуу төст өвчний халдвар даамжилч магадгүй гэсэн үүднээс Нийслэлийн Засаг Дарга, Эрүүл Мэндийн Яам, Боловсрол Соёл, Шинжлэх Ухааан, Спортын Яам зэрэг холбогдох шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ асуудлыг хэлэлцэж, хэд хоногийн хугацаанд тархалтын байдлыг ажиглаж, сурагчдын амралт дуусахаас өмнө дахин зөвшилцөж, шийдвэр гаргахаар болсон.

Ямартай ч наана нь сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, олон нийтийн үзвэр үйлчилгээг түр хязгаарлах арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж байна.

Томуугийн халдварын тоо нэмэгдвэл орны тоог мөн нэмэгдүүлэх болно. Тухайлбал, одоогоор Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хүүхдийн 30 ортой тасаг, Батлан Хамгаалах, Хууль Сахиулах Алба Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн /хуучнаар госпиталийн эмнэлэг/ хүүхдийн 50 ортой тасаг зохион байгуулж, ажиллахад бэлэн болоод байна. 


Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
  • Хүйтний улирал болж байгаа учраас бага насны хүүхдийг дулаан хуцаслаж, дааруулахгүй, олон нийтийн газар болж өгвөл авч явахгүй байх. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд амны хаалт хэрэглэж хэвших,
  • Амин дэмээр баялаг хоол хүнс, аарц, чацарганы шүүс зэрэг шингэн зүйлийг хэрэглэж, хүүхдийн дархлааг дэмжих,
  • Хүүхдийг унтуулж амраах, чийрэгжүүлэх зэрэг асаргаа сувилгааг анхаарах,
  • Гараа тогтмол угаах,
  • Орчны ариун цэврийг сахиж, гэртээ чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёроос гурван удаа хийх,
  • Агаар цэвэр үед өрөө, тасалгааг агааржуулах, агаарын бохирдолтой үед гэр доторх агаарыг цэвэршүүлэх, чийгшүүлэх аппаратыг хэрэглэх,
  • Тогтмол хотоос гарч, цэвэр агаараар амьсгалж, уушгиа цэвэрлэх,