Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ Японд буулт хийх нь

Б.Даваахүү
2017 оны 1 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”- ийн дурсгалд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө шинээр байрлуулсан явдалтай холбоотойгоор Япон, Солонгосын харилцаа дахин муудаж эхэллээ.

Учир нь уг хөшөөний асуудлаар хоёр улс хэлэлцээрийн ширээний ард сууж, аль хэдийнэ 2015 онд тохиролцоонд хүрсэн аж. Гэтэл саяхнаас дахин хөшөөг Бусан хотод байрлуулсныг эсэргүүцэн Япон улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Ерөнхий Консул Ясүхиро Моримото нарыг эгүүлэн татсан юм.

Тэд уржигдар эх орондоо ирсэн. Одоогоор Япон, БНСУ-ын Засгийн газар хооронд яриа хэлэлцээр өрнөж байна. Уг хөшөөг Өмнөд Солонгосын иргэний нийгмийн нэгэн байгууллага өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Японы Ерөнхий Консулын газрын өмнө байрлуулжээ.

Улмаар тохиролцоонд хүрчихээд байхад дахин “Зугаацуулагч эмэгтэйчүүд” хөшөөг байрлуулсныг Японы тал эсэргүүцэн даруй холдуулахыг шаардсан байна. Гэтэл БНСУ-ын талаас тоймтой хариу өгөлгүй, хоёр жилийн өмнөх хэлэлцээрийн заалтыг үл биелүүлсний улмаас Японы Элчин сайд, Бусаны Ерөнхий Консул нарын хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн нутаг буцжээ.

Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын Засгийн газрын албан тушаалтнууд Японоос БНСУ-д суух Элчин сайд, Ерөнхий Консул нарын эрхмүүдийг хүлээн авч уулзаж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцжээ. Гэвч уулзалтаар ямар шийдэлд хүрсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Гэхдээ Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичиг Ёшихидэ Суга уулзалтын дараа хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өгөхдөө “2015 оны Япон, БНСУ-ын гэрээнд зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэсэн. БНСУ-ын Засгийн газар ч “Гэрээг цаашид тогтвортойгоор хэрэгжүүлэх талаарх байр сууриа өөрчлөхгүй” гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Солонгосын талаас уг гэрээг хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэсэн байна.

Мөн БНСУ-д суух Элчин сайдыг буцаах хугацааны талаар “Одоогоор тодорхойгүй” гэх хариултыг өгчээ. Нөгөөтэйгүүр, БНСУ- ын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ерөнхий сайд Ким Бён Жун өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Зугаацуулагч эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан хөшөөтэй холбоотойгоор БНСУ, Японы харилцаанд санаа зовоосон асуудал” тулгарсныг дурдаад хоёр улсын харилцаа нэг асуудлаас үүдэн дахин муудаж буйд харамсч буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хуучин Японы эзэн хааны цэргүүдтэй холбоотой асуудалд Японы Засгийн газраас хариуцлагаа хүлээж, гэмшиж буйгаа илэрхийлсэн. Улмаар хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдний нэр төрийг сэргээхээр болсон” хэмээгээд “Нөхцөл байдлыг улам муутгах үйл ажиллагаанаас аль болох зайлсхийж, хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийн төлөө анхаарвал зохино” гэжээ.

Ямартай ч, Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй эрхэм ийм үг хэлж буй учраас БНСУ Японы талд буулт хийх нь ойлгомжтой боллоо. Харин “Зугаацуулагч эмэгтэйчүүд”- ийн дурсгалд зориулсан хөшөөг хэзээ зайлуулах нь олны анхаарлыг татаж байна.

Зураг