Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрх ашгийн эрэмбэ бүхий эрс шийдвэр

З.Боргилмаа
2017 оны 1 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аливаа улсын нийслэл тухайн улс, үндэстний улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёл боловсролын төв, хүн амынх нь харьцангуй чадамж бүхий хэсэг төвлөрсөн бүс байдаг. Энэ жишгээр утаатай ч Улаанбаатар минь, тэр тусмаа хүн амын маань 50 хувь нь оршиж сууж, ДНБ-ний 40-60 хувийг бүрдүүлж байгаагийнхаа хувьд ч Монголын амин цэг юм.

Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг чирч яваа бүхий л үйлдвэрлэл, ажиллах хүчин, нөгөө талаар тэдгээрийн гол хэрэглэгч, зах зээл нь ч ганцхан нийслэлдээ татагдан төвлөрөх болсон. Нэг үгээр бол ердөө нэг хотод төвлөрсөн улс болчихжээ. Тэгээд бид энэ хотдоо тэгтлээ тав тухтай, тэгтлээ аюулгүй, амар тайван, тэгтлээ хангалуун, тэгтлээ аз жаргалтай амьдарч чадаж байгаа билүү? Харамсалтай нь ҮГҮЙ.

Ингэтлээ төвлөрснийхөө эцэст хориннэгдүгээр зуун гарчихаад байхад бидний 80 хувь маань эсгий гэртээ, галлагаатай байшиндаа, гаднаа жорлонтой, гар нүүрээ угаах халуун усгүй, утаандаа угаартаж, түгжрээндээ тагларч, уур бухимдалдаа дарлуулж, ажлын байргүй ч амрах завгүй амьдарч байна. Хамгийн гол нь эрүүл явах эрхээ, илүү сүржигнэвэл амьд явах эрхээ алдаж байна. Эцсийн дүндээ амьд бөгөөд эрүүл байх эрхээ алдчихвал энэнээс цааш өөр ямар эрх хэзээ хэрэгтэй юм бэ?!

UNICEF буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн гаргасан судалгаагаар өнөөдөр Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог хот болжээ.

Агаарын бохирдол аюултай түвшинд хүрч хотын хүн ам ДЭМБ-ын олон улсын стандартад заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцрын (РМ2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшнээс буюу 25 рд/мЗ-ээс 3 дахин өндөр бохирдолд өртөж байна гэж тус судалгаанд дурджээ.

Хамгийн ноцтойгоор анхаарал татаж буй нь “Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230,000 хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 500,000 гаруй хүүхэд хоол хийхдээ ашигладаг хатуу түлшнээс ялгардаг доторх орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна. Үүн дээр нэмээд сууцаа халаах зорилгоор түлж буй хатуу түлшний ялгарлаас үүдэлтэй нас баралт тооцогдох ёстой ч дэлхийн хэмжээнд үүнийг нэгтгэсэн тодорхой тоо байхгүй байна" гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Монголд зориулсан судалгаанд онцолжээ.

Судалгааны эцэст гаргасан зөвлөмждөө “Хүүхдийн сайн сайхныг хангах нэг гол хүчин зүйл нь тэднийг агаарын бохирдлоос хамгаалах явдал юм" гээд “Улаанбаатар хотод урт өвлийн агаарын бохирдол нь олныг түгшээх түвшинд ирээд байгааг үл тоомсорлон өнгөрөөх боломжгүй юм...

Энэхүү судалгаа нь монгол хүүхдүүд агаарын бохирдолтод байнга өртөж байгаа нь эрүүл мэндэд нь ноцтой үр дагавартай болохыг шинжлэх ухааны нотолгоонд суурилан харуулахыг зорьсон юм... Агаарын бохирдол нь уушгины хатгалгаа өвчний улмаас үүдэх нялх, балчир насны хүүхдийн эндэгдэлд хүргэж байна.

Түүнчлэн үүнээс үүдэх уушгины гэмтэл нь хүүхдийн эрүүл мэнд болон цаашдын амьдралын сайн сайхан байдалд нь сөргөөр нөлөөлсөөр байдаг. Өнөөгийн хүүхдүүдийн агаарын бохирдолд өртөж байгаа шиг хэмжээний өртөлтийг өмнөх үеийн хүмүүс үзээгүй гэдгийг бид мэднэ.

Мөн одооны хүүхдүүд цаашдаа амьсгалын замын архаг өвчнөөр өвчлөх магадлал нь урьд өмнө байгаагүй түвшинд хүрэх тооцоолол байна. Далайцтай, шинэлэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ирэх арван жилд өвчний дарамтын эдийн засгийн зардал улам бүр нэмэгдсээр байх болно” гэжээ

Монголчууд баримтад гэхээс илүүтэй цуу ярианд итгэдэг нүүдэлчид. Үүнийгээ ч өөрсдөө гадарлах болсон учраас “Утаанаас болж үхэж байна" гэх халаглалыг хоосон улс төр гэж харах, хардах хандлага нийгмийн тодорхой хэсэгт бий болсон нь ч үнэн. Гэвч “шинжлэх ухааны нотолгоонд суурилсан” судалгаа утаа, агаарын бохирдол нь үндэсний аюулгүй байдлыг заналхийлэх хэмжээнд хүрснийг харуулж буй.

Харин бодлого, шийдвэр гаргагчдаас хүсч, шаардаж буй далайцтай, шинэлэг алхам нь юу байж болохыг Хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамж илэрхийллээ. Утааны шалтгаантай эрс шийдэмгий тэмцэх, магадгүй улстөрчийн хувьд эрсдэлтэй байж мэдэх шийдвэрүүдийг тэр гаргажээ.

Тодруулбал, хотод улаан шугам буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй. Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ.

Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглов. Гуравдугаарт, Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч шаардлага тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэжээ.

Асуудлын шалтгааныг захиргааны аргаар ч түр хугацаанд хааж байж дараагийн арга хэмжээг авахгүй бол асуудлынхаа араас дагасан “шинж тэмдгийн эмчилгээ” хийгээд үр дүнд хүрэхгүй гэдгийг өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг зарцуулсан 200 гаруй тэрбум төгрөг нотлон харуулна. Бүр нэг баатар ч биш мянган баатар байгаад ч үр дүн авчрахгүйг бид ойлгох болсон. Үүний тулд хэтэрхий өндөр үнэ төлсөн гэж санагдахгүй байна уу?

Зураг
Зураг
10 | 4 | 3 цаг