Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлье л дээ

Э.Туул
2017 оны 1 сарын 6
Монголын мэдээ

2017 он гарч эхний долоо хоног өнгөрлөө. Энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлууд өрнөж, утааны эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцэж өнжлөө. Түүнчлэн ардчиллын алтан хараацай С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн шүүх хурлын араас зарим нэг асуудал үүссэн нь захиалагчийг олох ажлын хэсэг байгуулж, С.Зориг агсны төрсөн дүү болох УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргасан ч хүлээж аваагүй юм. Учир нь УИХ шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул өргөдлийг нь Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хуулийн дагуу шилжүүлэхээр болжээ. Энэ мэтчилэн асуудлууд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн бөгөөд энэ хүрээнд хэн хэрхэн байр сууриа илэрхийлснийг “Хэн юу хэлэв” буландаа тоймлон хүргэж байна. 

Ч.Содномцэрэн: Хууль батлагдсаны дараа сонгуулиа товлоно 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/СЕХ-ны дарга/ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хуулийн дагуу сонгуультай холбоотой саналыг СЕХ-ноос УИХ-д хүргүүлнэ гэсэн заалттай. Мөн УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ хүрээнд Н.Энхболд нарын гишүүд хамтарч одоогийн хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс хуулийн төсөлтэй холбогдуулж СЕХ саналаа хүргүүлсэн юм. Хуульд зарчмын чанартай томоохон өөрчлөлт ороогүй.

Том өөрчлөлт гэвэл нэгдсэн хуулиасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаагаараа онцлогтой. Хоёрдугаарт, 2015 онд нэгдсэн хуулийн хэлэлцүүлэг явж байх үед СЕХ дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж, тухайн үеийн ажлын хэсэгт хүргүүлж байсан.

Гэвч бидний саналыг хүлээн авалгүй хуулиа баталсан. Нэгдсэн хуулиар сонгуулийг зохион байгуулснаар зарим заалтууд дээр будилах явдал өнгөрсөн сонгуулиар гарч байсан. Тиймээс СЕХ өнгөрсөн сонгуулийн явцад будилж төөрөлдсөн асуудлууд дээр арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Одоо тусдаа хууль гарахаар төөрч будилах явдал гарахгүй. Түүнчлэн нэгдсэн хуульд орхигдуулсан зүйл заалт цөөнгүй байсан. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан тал бий. Энэхүү заалтыг хуулийн төсөлд нэмж оруулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа алба хаагчдыг бүртгэхээр хуульчилсан бол хилийн цэргийнхнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байсан.

Гуравдугаарт, нэгдсэн хуульд товлон зарлах, санал авах өдрийг тогтоохын тулд хоёр тусдаа хийж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, УИХ хоёр удаа хуралдаж, нэг удаад нь товоо тогтоодог. Дахин хуралдаж санал авах өдрөө тогтоодог байсныг өөрчилж, нэг тогтоолоор дээрх хоёр асуудлыг шийддэг байхаар өөрчлөлт орууллаа.

О.Баасанхүү: Хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлье л дээ 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/УИХ-ын гишүүн/ 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг орхиж гарсан О.Баасанхүү гишүүн “Юуны түрүүнд Үндсэн хуулиа харах ёстой. 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Хүнийг нам, нийгмийн гарлаар нь гадуурхахгүй гээд Үндсэн хуульд заачихсан шүү дээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намын гишүүн байхыг Үндсэн хуулиар үүрэгжүүлээгүй. О.Дашбалбар агсан бие дааж нэр дэвшин, УИХ-ын гишүүн болоод Монголын уламжлалын нэгдсэн намд орж, Ж.Гомбожав гуайг тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан.

Улмаар УИХ-д суудал бүхий нам гэдэг нь сонгуульд оролцсон, гишүүн нь сонгогдсон намыг хэлэх талаар тайлбар гарсан. Энэ тайлбараар бол одоогийн нөхцөлд гурван нам л нэр дэвшүүлнэ.

Гэтэл уг төсөлд нэр дэвшигч нь заавал аль нэг намын гишүүн байх ёстой гэж тусгасан. Заавал өөрийн намын хүнийг нэр дэвшүүлнэ, өөр намын хүнийг болохгүй гээд хатуу заачихсан. Энэ нь Үндсэн хууль болон сонгуулийн тогтолцоог бүхэлд нь зарчмын алдаатай болгон харуулахаар байгаа юм. Үүгээрээ Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийн бололцоог хязгаарлаад байна.

Ерөнхийлөгч бол намаас үл хамааран бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүн. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс нэг тойрог болдог. Парламентад суудал бүхий нам зөвхөн нэр дэвшүүлэх эрхийг л эдэлдэг. Тодорхой хэлбэл, гурван сая хүнээс гурав нь л Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө. Харин сонгох эрх нь ард түмний гарт байгаа. Сонгогдсон хүн нь хүссэн ч, эс хүссэн ч намын гишүүнээсээ сайн дураар татгалздаг шүү дээ.

Ардын нам л хүнээ дэвшүүлье гэж байна шүү дээ. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл сууж ярилцах боломж өгсөнгүй. Миний эгдүүцээд байгаа шалтгаан ердөө л энэ. АН, МАН чинь бөх, дуучин нэр дэвшүүлж болдог нам шүү дээ. 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн л бол хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлье л дээ.

“УИХ-д суудал бүхий намаас 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн ганцхан өгүүлбэр оруулахыг л хүсээд байгаа юм. Тэр нь хэн ч байсан яадаг юм бэ. Яагаад гэвэл Монголын ард түмэн тэнэг биш. Зарим буруу зүйлийг засах ёстой. Жишээ нь, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн 18 хоногт сурталчилгаа хийж болохгүй.

Монгол Улс даяар танигдсан хүн юм чинь заавал олон хоног сурталчлах шаардлагагүй гэж яриад байгаа юм. Тэр хүн өөрийнхөө тухай биш, ирэх дөрвөн жил хийх ажлаа ярих гээд байна шүү дээ. Түүнээс биш, олонд хамгийн сайн танигдсан хүн гэвэл хошин урлагийнхан л байна биз дээ” хэмээжээ. 

Д.Оюунхорол: Утаанаас салах, тав тухтай амьдрах эцсийн шийдэл бол ард иргэдээ орон сууцжуулах явдал 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд/ 

Тэрбээр утааны эсрэг авах арга хэмжээ буюу гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэлээ.

Хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл цахилгааныг үнэ төлбөргүй ашиглана. Цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэрэг зохицуулалттай. 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой.

Гэр хорооллын айл өрхүүд маань энэ боломжоо зөв, бүрэн ашиглаж чадвал маш сайн үр дүн гарна. Тухайлбал, иргэдээс, айл өрхөөс хамаарах зүйл маш их. Жишээ нь, гэр хорооллын нийт хэрэглэгчийн 75 хувь нь тарифт тоолууртай байна. Үлдсэн хувь нь тарифт тоолууртай болох шаардлагатай.

Мөн өнөөдөр стандарт хангасан халаагууртай айл хэд байна. Халаагуур авах боломжтой нь хэд байна. Энэ хөнгөлөлт маань нөгөө талдаа стандарт бус цахилгаан халаагуур хямд авах, борлуулах боломж нээчих вий, галын аюул дагуулах вий гэдэг болгоомжлол байна. Цахилгаан халаагуур болон гэр рүүгээ оруулж байгаа цахилгааны утасны стандартыг нарийн мөрдөхийг хүсч байна.

Төр засаг ийм зоримог шийдвэр гаргаж байхад иргэд өөрсдөөс хамаарах зүйлийг бүгдийг хийж чадвал үр дүн шууд харагдана. Мөн авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, автомашины улсын үзлэгийн оношилгооны чанарыг сайжруулах, 7-оос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авна.

Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгож түгжрэлийг сааруулахын зэрэгцээ автобусыг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монголд бүх үйл ажиллагааг зогсоогоод гэртээ суувал гэрээ ихээр галлаж, утаа улам нэмэгдэнэ. Бээжингийн агаарын бохирдлын гол үүсвэр нь үйлдвэрийн утаа, манайх бол гэрийн яндангийн утаа шүү дээ. Түүхий нүүрсээ юугаар орлуулах вэ гэдгээ тууштай шийдэж байж л хориглож чадна.

Цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг аажмаар багасгаж бүр хэрэглээнээс гаргах л хэрэгтэй. Ер нь утаанаас салах, тав тухтай амьдрах эцсийн шийдэл бол ард иргэдээ орон сууцжуулах шүү дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Хятадын 50 сая юанийн буцалтгүй тусламжийг энэ хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн хүчтэй Засгийн газар ч агаарын бохирдлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага чухал гэдгийг онцлон хэлмээр байна. 

Л.Жавзмаа: Хүү минь “Үнэн юм гэж байдаггүй юм байна” гэж хэлсэн 

 

/Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж/ 

Ардчиллын алтан хараацай С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэргийг шүүх хурал 18 жилийн дараа болж, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял тус тус оноосон. Тэгвэл хүүг нь хилсээр хүн амины хэрэгт буруутган ялласан хэмээн үзэж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Шүүхээс гаргасан шийдвэртэй огт санал нийлэхгүй байгаа. Мэдээж хэрэг хийгээгүй байхад эсэргүүцэх нь аргагүй шүү дээ.

Бид шүүхийг үнэн зөвөөр ажилладаг гэж найдаж байсан. Гэтэл улс төрийнхөө хэргийг гэмгүй хүмүүсийг хийсэн болгож гүтгээд л хэрэг хийсэн болгочихож байна. Шүүх хурлын үеэр ял өгөх хүртэл хүн амьтнаас үнэн зөвийг тодруулж асуулгүйгээр шууд тогтоолоо уншаад яллачихаж байгаа юм.

Эд нарын зохион байгуулсан аймшигтай жүжиг гэж харж байна. Хамгийн гол нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэрчүүдийн ярьж байсан зүйл одоо огт өөр болчихоод байгаа юм. Тэр үед 35-40 насны тийм тийм хүн алсан гээд ам зураг хүртэл гарсан байдаг. Гэтэл 16-тай 21-тэй хүүхдүүд очоод хүн алчихдаг гэж юу байх вэ дээ.

Тэр үед 35-40 насны тийм тийм хүн алсан гээд ам зураг хүртэл гарсан байдаг. Гэтэл 16-тай 21-тэй хүүхдүүд очоод хүн алчихдаг гэж юу байх вэ дээ.

Ямар ч хүн эрүүл ухаанаар бодоод олохгүй. Ийм том хэрэг гараад, өдий хүртэл 18 жил алуурчнаа олоогүй байж байгаад гэмгүй нэгнийг хэлмэгдүүлээд орхих гэж байна шүү дээ. Шүүх хурлын дараа элдэв тайлбар хэлээд, хүүтэй минь уулзуулаагүй. Харин энэ сарын 04-нд хорих ангиас зөвшөөрөл авч, хүүгийнхээ барааг харлаа. Сэтгэл санаагаар унасан харагдана билээ. Миний хүүг шүүх хурал дээр үг ч хэлүүлээгүй. Шууд 25 жилийн ял өгчихөөр хүн яах вэ.

Хүү минь надад өнөөдөр уйлж байгаад нэг л үг хэллээ. Үнэн юм гэж байдаггүй юм байна гэж. Хэргийн тухай ярьж байгаад, нэг удаа алх цохиод, онц хүнд гэмт хэрэгтэн гээд зарлачихсан. Хүү минь гэм хийгээгүй учраас өрийгөө ялтан болчихно гэж санаагүй. Би гэм хийгээгүй байхад гэж итгэж байсан нь тэр.

Гэм хийгээгүй хүн гэмгүй гэдгийг минь батална гэж хүлээж суусан. Өнөөдрийг хүртэл тэвчсэн. Хуралдаанаар гэмт хэргийн тухай уншиж байснаа үгийнх нь үнэн, худлыг сонсолгүй 25 жилийн ял өгөхөд сэтгэл санааны цочирдолд орсон байх. Шүүх хурлыг нээлттэй явуулахыг бид ч ялгаагүй хүсч байгаа.

Тэр хохирогчийн талын хүмүүс бидэнтэй мөн адил үнэн мөнийг тодруулахаар ажиллаасай гэж бодож байна. Бид хүүгээ хилсээр буруутан болгож байна, тэд хүүгээ алдсан.

Хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүсч байгаа. Одоо шүүх хурлын тогтоол гарсны дараа бид давж заалдах шатны шүүхэд хандана. Тогтоол нь чухам хэзээ гарах юм байгаа юм. Хүлээж л байна. Бид гэмгүй хүмүүсийг гүтгэж үндэслэлгүйгээр ялласан энэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, ард түмнийг дуу хоолойгоо нэгтгэхийг уриална.

Үзэл бодлоо илэрхийлэх тайван жагсаал цуглаан зохион байгуулахаар зөвшөөрлөө авчихаад ирлээ. Тайван жагсаал энэ сарын 07-ны Бямба гарагт Эрдэнэт хотын Соёлын өргөөний гадна талбайд хийнэ. Энэ хэргийг нээлттэй хэлэлцэхийг хүсч байгаа хүмүүс цуглах байх гэж бодож байна” гэжээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.