Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Галбадрах: Орон сууц, сургалтын төлбөрт татварын хөнгөлөлт үзүүлнэ

Б.Энх
2017 оны 1 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Иргэд татварын буцаан олголтыг хэрхэн авах талаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын татварын улсын байцаагч Н.Галбадрахаас тодрууллаа.

-Хувь хүний орлогын албан татварын тайланг авч эхлээд байна. Иргэд ямар төрлийн тайланг хүргүүлэх талаар тайлбарлахгүй юу?

-Хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барих эсвэл худалдан Зарцуулсан 30 сая төгрөгтэй тэнцэх орлогыг албан татвараас нь чөлөөлөхөөр хуульд заасан. Мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт нь албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд гадаад болон дотоодын их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрийн төвд элсэн суралцаж байгаа бол сургалтын төлбөрийг албан татвараас нь хасч хөнгөлөлт үзүүлнэ.

Бас албан татвар төлөгч өөрөө суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийнхээ орлогоос төлбөрөө төлсөн бол мөн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. 

-Татварын тайлан гаргахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Иргэд татвар төлөгчийн иргэний орлогын татварын бүртгэлийн дэвтэр авах ёстой. Дэвтрийг өөрийнхөө амьдардаг аймаг, дүүргийн Татварын албанаас авч бүртгүүлнэ. Түүнчлэн Татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үг авч татварын албаны нэвтрээд өөрийнхөө хувь иргэнийхээ тайланг цахимаар илгээнэ. Энэ нь тийм хүндрэлтэй биш.

Тайлангаа хоёр хувиар гаргаж Татварын албанд хүргүүлнэ. Иргэний үнэмлэх нийгмийн даатгалын дэвтэр, орон сууцны хөнгөлөлт эдэлж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай. Ингэхдээ эх хувь болон хуулбарыг хамт авчирна. Хэрэв орон сууцаа зээлээр авсан бол банк болон санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ хуулбартайгаа байх ёстой. Орон сууц худалдаж авахдаа төлсөн төлбөрийн баримт, худалдах худалдан авах гэрээ байна.

Эх хувь байхгүй бол нотариатаар баталгаажуулж болно. Хоёр дахь жилдээ байр авч байгаа, урд нь тайлангаа өгсөн хүмүүст худалдах худалдан авах гэрээ буюу орон сууцтай холбоотой бичиг баримт авчрах шаардлагагүй болно.

-Сургалтын төлбөрийн хувьд?

-Дэвтэр авч, цахим систем дэх нэр нууц үг, тайлангаа эх хувиар гаргана. Нэмж хүүхдийнхээ төрсний болон үрчилсэн гэрчилгээ байх ёстой. Оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтыг давхар хавсаргана. Хэрэв хүүхэд нь гадаадад суралцаж байгаа бол эдгээр баримтыг монгол хэл дээр орчуулсан байна.

Хуулийн дагуу татварын тайланг энэ сарын 1-нээс авч эхлээд байна. Тайланг ирэх сарын 15-ны дотор гаргаж өгөх ёстой.

Зураг