Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног байсныг 22 хоног болгон уртасгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжив.

Н.Энхболд нарын таван гишүүний өргөн барьсан уг хуулийн төслийн үндэслэл, шаардлага болон онцлох заалтуудыг танилцуулж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг анх 1993 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр баталж байжээ. Энэхүү хуулийн дагуу 1993 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулсан юм.

Түүнээс хойшхи хугацаанд энэхүү хуульд долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 1997, 2001, 2005, 2009 онуудад нийтдээ таван удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулжээ

Харин 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон байна.

Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой, зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Тиймээс сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсч буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болсон тул уг бие даасан хуулийн төслийг боловсруулсан байна

Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтуудыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгажээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог заалтууд 

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгасан, 
  • Нэр дэвшигчийн сонгуулийн суратлчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, мөн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авч өгдөг байхаар өөрчлөлт оруулсан, 
  • Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг Улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэнд нэмж оруулах шаардлагатай гэж Сонгуулийн төв байгууллагаас санал гаргасныг төсөлд тусгасан, 
  • Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын гүйцэтгэлийн тайланд Төрийн аудитийн байгууллага дүгнэлт хийдэг байсан бөгөөд төсөлд сонгуулийн зардлын төлөвлөлтөд мөн аудитын дүгнэлт гаргуулж байхаар нэмж оруулсан, 
  • Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй байсныг аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь зүйтэй гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж оруулсан байна. 

Мөн хуулийн төсөлд тусгаснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног байсныг 22 хоног үргэлжлэхээр өөрчилжээ. Энэ талаар хуулийн төслийн 33 дугаар зүйлийн 33.7-д “Нэр дэвшигчийг энэ хуулийн 34.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Нэр дэвшигч энэ хуулийн 33.7-д заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж заажээ. 

Харин сонгуулийн санал авах өдрийн талаар 7 дугаар зүйлийн 7.3-т сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна гэжээ. 

Мөн энэхүү хуулийн төсөлд оруулсан шинэлэг зүйл нь сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглахын нарийвчлан заасан заалт байв. 

Хуулийн төслийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор улсын хэмжээнд 100, аймаг, дүүргийн хэмжээнд тус бүр 300 хүртэл тээврийн хэрэгсэл ашиглаж болно” гэжээ. 100 автомашиныг улсын хэмжээнд ашиглах бол 300 хүртлэх тээврийн хэрэгслийг зөвхөн тухайн аймар, дүүрэгтээ ашиглахаар нарийвчлан заасан аж. 

Мөн 40.2-т “Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэн нэгдсэн таних тэмдэг авч, авто машин, автобусны салхины шилний баруун доод буланд, мопед, мотоциклын шатахуун хадгалах савны баруун талд нааж байрлуулна” гэсэн байна. Энд дурдсан таних тэмдэг аваагүй тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглож байгаа юм байна. 

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших тухай заалт байсныг 2006 онд өөрчлөн зөвхөн нам, эвслээс нэр дэвшиж байхаар болгожээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.