Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Сумтай” нэр дэвшигчдийн зоригийг үнэлэхсэн

Ардчилсан Нам
2017 оны 1 сарын 5
Ардчилсан Нам
Зураг зураг

Идэр есийн хүйтэн эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд Даланзадгад хотод нэмэх таван хэмийн дулаан байх юм. Толгой нүцгэн явахад чих даарах, хацар хайрагдах зовлонгүй.

Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордоны өмнөх талбай дээр босгосон Батмөнх даян хааны хөшөөний дэргэдүүр золбин ноход хорь гучаараа сүрэглэн хар хурхийж гүйлдэх нь “сүртэй” ч юм шиг. Золбин ноход гэхэд их л тарган цатгалан, сүүл дээшээ, омголон төрхтэй нь мань мэтийн явуулын хүнд бага ч атугай айдас төрүүлнэ. Засаг захиргааны шилэн ордоноос байсхийгээд л нэг хүн гарч ирэн нохдыг хөөж туух боловч тоож байгаа ч юм алга. Аймгийн  төвийн захаар утаан хөшиг битүү татсаныг харахад сонин.

Бидний түр саатсан “Gobi power” хэмээх гадаад нэртэй, өөр ямар ч аймгийн төвд байхгүй болов уу гэмээр өвөрмөц хэв загвартай зочид буудлын үйлчлэгч бүсгүйчүүд “Утаа өнөөдөр харин ч харин ч гайгүй байна” гэлцэнэ. Тэгэхээр утаа гээч зүйл дан ганц Улаанбаатарын бидний зовлон биш болжээ.  Ёстой хот хөдөөгүй утаанд дарлуулж байгаа шинжтэй.

Даланзадгад хотод Ардчилсан намын даргын төлөөх сунгаанд нэр дэвшсэн таван эрхэм тус аймаг дахь намын гишүүдтэйгээ уулзалт хийж байгааг хөндлөнгөөс ажиглалаа. Ардчилсан нам бол Монголын улс төрд гарцаа байхгүй жин дардаг том нам. Өнгөрсөн хорин зургаан жилийн хугацаанд энэ нам байр сууриа нэгэнт бэхжүүлж чадсан гэдгийг хэн хүнгүй мэднэ.

 

Бүхэл бүтэн хоёр гурван нам байгуулсан Л.Гүндалай, “Буян”-гийн Б.Жаргалсайхан хоёр хүртэл энэ намын гишүүн болно гээд өөрсдийнхөө намыг хаяад гүйж яваа нь ч үүнийг гэрчилнэ. Энэ нам бол нэг хүний юм уу нэг гэр бүлийн нам биш. Тиймээс энэ нам даргаа сонгохдоо таван хүнийг сунгаа маягаар нэр дэвшүүлж, нийт гишүүдийнхээ хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэж байгаа нь Монголын нам болон улс төрийн түүхэн дэх онцгой бөгөөд түүхэн үйл явдал юм. Энэ нь сонин хэвлэлийн салбарт хориод жил ажилласан миний сонирхолыг татаж байгаа билээ. Монголын улс төр эрүүлжихийн дохио гэсэн итгэл найдвар ч төрж байгаа. Ард түмэн ч тэгж үзэж байгаа болов уу. Нэг бол Ардчилсан нам, нэг бол Ардын нам гэсэн хоёр сонголтын хооронд л амьдарч яваа хүмүүс шүү дээ бид. 

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид тус бүр таван сум барьж эв нэгдэлтэй өрсөлдөхөө илэрхийлж байгаа. Үүнийг шооч хүмүүс тэр дор нь мушгин “Сумтай тав” хэмээн тоглоом шоглоомоор нэрлэж байгаа ч монголчууд бидэнд хамгийн их дутагдаж байгаа “Үндэсний эв нэгдэл” батжин бэхжихийн эхлэл мэт санагдана. Монголчууд эв нэгдэлгүй байгаасай гэсэн харийнханы явуургүй хүсэл биднийг ямагт хагалж ирсэнийг түүх гэрчилдэг. Өнөөдөр монголчууд намдуудад, нам дотроо хэд хэдэн янзын бүлэг фракцид хуваагдаад байгаа нь гарцаагүй үнэн. Тэгэхээр Алунгоо эхийн таван хөвгүүндээ өгсөн таван сумын домог буюу хэн ч үл хугалж, буталж чадах эв нэгдлийн тухай билэгдэлийг энэ цаг үед сэргээсэн нь зөв санагдаж байгаа юм. Монголчууд эвтэй байхын учрыг сануулсан домог ийнхүү сэргэсэн нь сайн цагийн оршил биз ээ. Инээд наргиан болгох зүйл лав биш.

 

Ардчилсан нам өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгуульд навс ялагдсан нь алдаа оноогоо дэнслэн түр амсхийх боломж олгосон байна. Үүний нэг баталгаа нь намын даргын төлөө өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын нөхөддөө хандан “Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хаана байна. Биеийн амрыг хараад Америкт очоод хэвтчихсэн. Сонгууль ойртохоор л хүрч ирээд жирийн гишүүдийн хүч зүтгэлээр бий болсон ялалтын бялуунаас хүртэн сайдын суудал булааж авдаг. Одоо ийм бэртэгчин хүмүүсээс манай нам үтэр түргэн салах хэрэгтэй. Унасан ч, боссон ч хамтдаа байх хүмүүс манай намд хэрэгтэй” гэж хэлсэнээс ажиглагдаж байв.

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нам дамнасан бизнес бүлэглэл Ардчилсан намыг хувьчилж авахаар зүтгэж байна. Үүний эсрэг бид тэмцэх ёстой” гэж хэлж байгаа нь ч нэгийг бодуулах аж.

 

Намын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр “Манай нам 180 мянган гишүүнтэй ч одоогийн байдлаар гучаад мянган гишүүн намын даргын сонгуульд оролцохоор шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан байна. Энэ янзаараа яваад байвал нам маань гуч биш гурван мянган гишүүнтэй болох нь байна. Ийм учраас намдаа итгэх итгэлийг сэргээх хэрэгтэй байна. Мэдлэг боловсролтой залуусаа дэмжиж, тэдний хүрээг тэлж Монголын хөрсөнд цэцэглэсэн Ардчилал хэмээх модыг хамгаалах хэрэгтэй байна” хэмээн хэлж байна.

 

Мөн намын даргын сунгаанд оролцож байгаа УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүний нэг Д.Эрдэнэбат “Би националь социалист биш, коммунист биш либераль үзэлтэй. Энэ үзэл бодолдоо үхэн үхтэлээ үнэнч явна. Тийм учраас Ардчилсан намын гишүүн болсон юм. Манай намд олон бүлэг фракцийн хэрэг байхгүй. Өнгөрсөн найман жил би намын дотоод амьдралд хутгалдаж явлаа. Тиймээс сайн мууг нь арван хуруу шигээ мэднэ. Бидний зорилго бол сонгуульд намаа ялуулах биш намаа хүчирхэгжүүлэх, эрүүлжүүлэх. Намын дарга болох хүний гол үүрэг энэ” гэж байв.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн цочмог халуун үгс ч бас анхаарал татаж байлаа. Тэрбээр “Хэрвээ би намын дарга болбол Ардчилсан намыг хагас босоо удирдлагатай нээлттэй нам болгоно. Дубайд Их хурал дахь намын бүлэгтээ ч хэлэлгүй нууцаар гэрээ байгуулж бас Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг нууц тохироогоор шийдэж байгааг би дуугүй хараад сууж чадахгүй” гэх мэтээр ярьсан нь лав л нэр дэвшигч С.Эрдэнийг бухимдуулж байх жишээний. “Батзандан камерийн өмнө намаа шүүмжлэхээ болимоор юм. Шүүмжлэх юм байгаа бол нам дотроо ярилцаж баймаар байна.

Олон түмний өмнө өөрийгөө дөвийлгөсөн товойлгосон үйлдэл гаргаад байдаг нь Ардчилсан нам эв нэгдэлгүй юм шиг харагдуулаад байгаа” гэсэн нь бас л ахмад хүний зангараг харуулсан бодууштай үгс шиг санагдсан. 

Хөхөө өвлийн хүйтэнд Монгол орноо 28,000 км зам туулан хөндлөн гулд тойрч намынхаа гишүүдтэй уулзалт хийж, сайн муугаа ярилцаж яваа энэ таван хүний зориг зүтгэлийг үнэлэхгүй байхын аргагүй. Хэдийгээр намын даргын сунгаанд оролцох эрх бүх гишүүдийн өмнө нээлттэй байсан ч эдийн засгийн хямралтай ийм үед хувиасаа хөрөнгө мөнгө гаргана гэдэг амаргүй хэрэг юм. Гэтэл энэ таван хүн хөрөнгө мөнгө, хүсэл зорилгоо нийлүүлээд гар гараасаа барилцан “Сумтай тав” гэж чичлүүлэн явж байгаа нь Монголын улс төрд цоо шинэ хуудас нээж байгаа явдал билээ. Намын бүх гишүүд саналаа өгч намын даргаа сонгож болдог юм байна гэсэн амьд жишээг үзүүлж, улс төрийн намуудын дотор ийм нэг жишиг, соёл, уламжлал тогтоохоор тэмцэж байгаа энэ таван хүнийг хийх ажилгүйдээ ингэж яваа мэтээр шоолж даапаалахаасаа илүү үнэлж ойлгох нь чухал юм. 

Сум, аймаг, дүүргийн жирийн гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа нэр дэвшигчиддээ гишүүд нь жаргал зовлонгоо ний нуугүй ярьж, халуун дотно харилцж байгаа нь ч харагдаж байв. Тухайлбал Өмнөговь аймгийн гишүүд “Нам ялахад хэсэг бүлэг хүн албан тушаал аваад энгийн гишүүн биднийг мартдаг. Манай намын Ардчилсан намынхан гэхэд найман жил хурлаа хийгээгүй” гэж байлаа.

 

Ардчилсан нам алдаа дутагдал бүхнээ одоо л нэг засч, цэвэрлэж, алдаанаасаа сургамж авч өөрчлөгдөх нь гэсэн итгэл Өмнөговь, Дундговь аймгуудад болсон уулзалтуудын үеэр гишүүдэд нь төрж байгаа нь илхэн байв. Ингэж өөрчлөгдөж, зоригтой шинэчлэл хийж, өмнө нь эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхийг ард түмэн ч хүсч байгаа нь тодорхой. МАН-ын үхээнц дорой, хаяг нэр өөрчлөхөөс өөр дорвитой юу ч хийхгүй байгаа байдал ард түмэнд ийм хүсэл төрүүлж байгаа нь дамжиггүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үг бий. Тэгэхээр нийт олноо гэсэн нэг шударга даргатай болоосой гэж түмэн олон анхааралтай харж байна. Ардчилсан намгүйгээр Монголын улс төрийг төсөөлөх аргагүй учраас энэ намын даргын сунгаа бид бүхэнд хамаатай юм. 

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.