Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батбаяр: Монгол Улсын төр Ардын Их Хурал болон Улсын Бага Хурал гэсэн тогтолцоотой байх ёстой

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ардын Их Хуралтай төрийн тогтолцоог бий болгох санаачилгын талаар Ардын Их Хурал Хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улс оронд үусээд буй нийгэм, эдийн засгийн хямрал нь одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй бөгөөд цаашид олигархиудын биш, ард түмэн засаглах нь хямралыг давах шийдэл нь гэж тус хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм.

Энэ талаар Ардын Их Хурал Хөдөлгөөний гишүүн Т.Батбаяр “Ард түмэн бидэнд улс төрөө удирдан жолоодох эрх бий. Өнөөдөр ард түмэн бид босохгүй бол цаг болохоо байсан байна.

Өнөөдөр таны миний, үр хүүхдүүдийн маань амьдрал болохгүй байна. Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө дугарахгүй бол гадны хэн ч ирээд биднийг хөгжүүлж өгөхгүй. Монгол хүн Монгол Улсдаа эзэн нь байх ёстой.

Харин энэ бүх өөрчлөлтийг аль нэг нам, улс төрийн хүчин хийхгүй. Ард иргэд, олноороо ярилцаж улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон байна.

Манай хөдөлгөөнөөс Ардын Их Хурал болон Улсын Бага Хуралтай байя гэсэн санаачлагыг гаргаж байна.

Бид энэ талаар үзэл баримтлалаа ч боловсруулчихсан байгаа. Тэгэхээр бид энэ олигархижсан тогтолцоог халахгүй юм бол аль ч улс төрийн нам хүчин гарсан улс хөгжихгүй.

 

Нэг нэгээр нь сонгож үзлээ, нийлүүлээд сонгож ч үзлээ. Болохгүй байна. Тиймээс ард иргэд нийлж улс төрийнхөө тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна.

Үүний төлөө ард түмэн минь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдээрэй гэж уриалж байна. Цаашид ард түмэнтэйгээ хамтран олон арга хэмжээг авах болно” хэмээн тайлбарлалаа.

Ардын Их Хурал Хөдөлгөөнөөс улс төрийн тогтолцоог өөрчлөх зорилгын үүднээс 2016 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Ард Түмний Сонорт" нэртэй ухуулах хуудсыг Улаанбаатар хотын гудамжаар наах үйл ажиллагааг эхний ээлжинд явуулсан байна. Гэвч энэ үеэр ухуулга хуудас тараах ажлыг албадан зогсоож, айлган сүрдүүлж, хурааж авчээ.

Ардын Их Хурал Хөдөлгөөний зохицуулагч Б.БатсүхАрванхоёрдугаар сарын 5,6-ны өдөр бид ухуулах хуудас тараасан.

Энэ үеэр ухуулга хуудас тарааж явсан залуусыг ТЕГ болон ЦЕГ-аас барьж, тусгай өрөөнд оруулан байцааж, 2-3 цаг саатуулж, утсыг нь хураан авч, доторх мэдээллийг зөвшөөрөлгүй үзэж, “энэхүү үйл ажиллагаа таван жилийн хорих ялтай” гэж айлган сүрдүүлж, хүний эрхэнд халдсан.

Гэхдээ бид цаашид Үндсэн Хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх болон үйл ажиллагааныхаа зорилго чиглэлийн дагуу Ардын Их Хуралтай төрийн тогтолцоог бий болгож, ард түмэн засагладаг төртэй болно.

Олигархиуд төрийн эрхийг бариад ард түмнийг дэндүү гутаалаа. Ард түмэнд “хүн” гэдэг нэрээс өөр зүйл үдсэнгүй.

 

Олигархийн гарын шүүс болсон ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэж, хувьсгал хийх болно. Ард түмний бүх боломж бололцоо хангагдсан эрх тэгш нийгэм байгуулахын тулд Ардын Их Хурал бүхий төрийн тогтолцоотой байх ёстой гэж үзэж байна.

Цаашид бид үзэл санаагаа ард түмэндээ танилцуулаад явна. Ард түмэнд өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа нийгэм, эдийн засгийн бүхий л эрх чөлөөг бий болгохын төлөө уриална.

"Сайхан амьдаръя" гэж уриалах, турхирах эрх бидэнд Үндсэн Хуулиар олгогдсон. Тиймээс бид эцсээ хүртэл зүтгэх болно” гэв.