Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын гишүүдийн тоо ялагдлын дараа 10 дахин буурав уу?

А.Алиман
2017 оны 1 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Сонгууль бүрийн дараа төрийн албанаас намын харьяаллаар халагдсан хүмүүсийн тоо л энэ хавьцаа яригддаг атал яагаад улсын хэмжээнд Ардчилсан нам 17 мянгахан гишүүнтэй болж хувирав гэдэг үнэхээр хачирхам илэрхийлэл биш гэж үү?!-

Ардчилсан намын даргын сунгаанд зориулсан гишүүдийн шинэчилсэн бүртгэл чухамдаа “ялагдсан нам”-ын том зовлонг тодотгож өглөө. Бүртгэлийн хугацаа дуусахад ердөө нэг хоног үлдээд байгаа ч өнөөдрийн байдлаар 17 мянга гаруй гишүүн үүнд хамрагджээ. Үндэсний хэмжээний гэгдэх Ардчилсан намын даргыг сонгоход дээр бүртгэгдсэн 17 мянган гишүүн санал өгөх болж байгаа бөгөөд “бусад гишүүд хаачив?" гэх асуулт улс төр сонирхогчдын дунд өрнөж эхэллээ.

Сонгууль бүрийн дараа төрийн албанаас намын харьяаллаар халагдсан хүмүүсийн тоо л энэ хавьцаа яригддаг атал яагаад улсын хэмжээнд Ардчилсан нам 17 мянгахан Гишүүнтэй болж хувирав гэдэг үнэхээр хачирхам илэрхийлэл биш гэж үү?! Тэр тусмаа Ардчилсан намын засаглалын үед буюу 2012-2016 оны хооронд төрийн албанд 30,000 албан хаагчийн орон тоо нэмэгдсэн, энэ нь олон жил “лааз өшиглөсөн" гишүүд, дэмжигчдээ нам нь харж үзсэн хэрэг хэмээн яригдаж байсантай харьцуулахад бүр хачирхалтай. Тэгвэл намаасаа ажил, алба авсан өнөөх 30 мянган гишүүн хаашаа нуугдчихав?

Үнэндээ Ардчилсан нам төрийн албанд 30 мянган хүнээ шургуулсан эсэх нь батлагдаж, нотлогдоогүй ч намын харьяаллаар төрийн албанд сэлгэгддэг хүний тоо 8-10 мянга орчим, зарим эх сурвалжаар бол 15 мянга гэх статистик байсаар ирсэн.

Хэрэв Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар ялалтад хүрч, улс төрийн эрх мэдлийг атгасан бол өнөөдөр яригдаж байгаа 17 мянган гишүүн гэх тоо арав дахин өсөлттэй гарах байсан биз. Тэгэхээр “17 мянган гишүүн” гэх тоо зүгээр л ялагдсан намын шархан дээр давс үрж буй хэрэг юм. Ялагдлын дараа 10 дахин буурч гардаг гишүүний тоо... Яах аргагүй Ардчилсан намын зовлонг харуулж буй.

Үүнд хэд, хэдэн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Нэгдүгээрт, Ардчилсан намын гишүүн боловч үүнээсээ татгалзан төрийн алба хашиж байгаа хүмүүс нэлээдгүй байгаа. Тэд МАН-ын өнгөн дээр ажил алба, амьжиргаагаа авч үлдэхийн тулд энэ удаад Ардчилсан намын гишүүний бүртгэлд хамрагдах эр зориггүй байж болно. Хоёрдугаарт, хөдөө, орон нутаг, жижиг газруудад Ардчилсан намын гишүүн гэдгээрээ ад шоо үзэгдэж, адаглаад л халамжаас хасагдах вий гэсэн айдас давамгайлж байж мэднэ.

Гуравдугаарт, Ардчилсан намаас өнгөрсөн хугацаанд нүүр буруулсан, итгэл алдарсан гишүүдийн эгнээ нэмэгдсэн байх магадлалтай. Дөрөвдүгээрт, намын үүр, хороодын зохион байгуулалт, идэвхээс болоод гишүүний бүртгэлийн явц тааруу байгаа. Тавдугаарт, сүүлийн бараг найман жил Ардчилсан нам дотор ротацийн сонгууль, халаа сэлгээ явагдаагүй, шинээр гишүүн элсүүлэх ажил өрнөөгүй учраас ер нь энэ намд итгэх итгэл үнэмшил, гишүүдийн тоо нэгэн зэрэг буурсан байх магадлалтай.

Эдгээр шалтгаанууд өнөөдөр Ардчилсан намын гишүүний тоо 10 дахин буурахад их, бага тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ нөгөө талаар нэг гишүүний ард автоматаар 10 хүн халаасанд нь байдаг зүй тогтол бий бөгөөд энэ нь тухайн нам сонгуульд ялж, тодорхой түвшинд эрх мэдэл авсны дараа ил гарч ирдэг гэж зарим судлаачид хэлж буйг дурдах ёстой байх.

Ардчилсан нам даргын сунгаагаар далимдуулан бодит байдалтайгаа нүүр тулаад байгаа нь энэ. Өнгөрсөн хугацаанд намаа дарангуйлж ирсэн бүлэг, фракцууд гишүүдээсээ хэр холдсоноо, гишүүд дэмжигчдээ хэдий хэмжээгээр алдсанаа нэг талаар ухаарч буй биз ээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.