Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Германд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх Сирийн дүрвэгчийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хоёр жилийн өмнө Германд ирсэн Сирийн дүрвэгч ачааны машинтай халдлага зохион байгуулахаар Исламын улс бүлэглэлээс санхүүжилт хүссэн гэж сэжиглэгдэн баривчлагдсан тухай Германы Саарбрукен хотын прокурор Даваа гарагт мэдээлжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Берлинд Зул сарын баярын захад Тунисийн дүрвэгчийн үйлдсэн ачааны машинтай халдлагыг тэр давтах гэж байсан гэнэ.

38 настай Сирийн дүрвэгч халдлагыг зохион байгуулахад хэрэгтэй 180 мянган еврогийн санхүүжилтийг Исламын улс бүлэглэлээс авахаар оролдож байсан гэж үзжээ. Тэрээр энэ мөнгөөр есөн ачааны машин худалдан авч, тус бүрийг нь 400-500 килограм тэсрэх бодисоор дүүргэн олон хүн цугларсан газрууд руу халдахад ашиглах гэж байсан гэнэ.

Түүний гар утаснаас Сири дэх Исламын улс бүлэглэлийн төлөөлөгчтэй холбогдсон баримт олдсон боловч тэр гэр бүлээ Сириэс авчрахын тулд террористуудыг хууран санхүүжилт олох санаатай байсан гэж тайлбарлаж байгаа ажээ.

Сэжигтэн нь Сирийн Ракка хотоос ирсэн. Тус хот нь Исламын улс бүлэглэлийн гол төв болдог. Францын хилийн ойролцоох Саарбрукен хотын прокурор тагнуулынхнаас авсан мэдээлэл дээр үндэслэн түүнийг баривчилсан аж.

Канцлерь Ангела Меркелийн дүрвэгсдэд нээлттэй бодлого нь түүнийг ирэх есдүгээр сард болох сонгуульд ялж, дөрөв дэх удаагаа Герман улсыг удирдах мөрөөдлийг талаар болгож магадгүй байна. Германд гарсан террорист халдлага бүрийн дараа тус улсын хэт барууны үзэлтэй AfD (Alternative for Germany) намынхан Меркелийг хүчтэй шүүмжилж, улс төр дэх байр суурь нь улам бүр нэмэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters