Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин “улс төрийн хуйвалдаан” хийсэн хүмүүсийг зайлуулснаа ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Өнгөрсөн жил албан тушаалаасаа зайлуулагдаж, хүнд шийтгэл хүртсэн таван өндөр албан тушаалтныг “улс төрийн хуйвалдаанд” оролцсон болохыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин баталж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн гэмт хэрэгт зөвхөн буруутгаагүйг баталжээ.

Өнгөрсөн аравдугаар сард болсон ХКН-ын бүгд хурал дээр Зоу Юнкань, Бо Шилай, Гуо Бошён, Шу Цайхоу, Лин Жихуа нарыг “улс төрийн хуйвалдаанд” оролцсон болохыг Ши илтгэлдээ дурдаж байжээ. Түүний хэлсэн үгийг өнгөрсөн Ням гарагт Синьхуа агентлаг олон нийтэд ил болгосон юм.

Намын төв хорооны зургаадугаар бүгд хурлын индрээс Ши хэлэхдээ “Эдгээр таван хүн зөвхөн авлига авч, хөрөнгө мөнгө ашигласандаа биш, мөн улс төрийн хэт амбиц гаргаж, олны өмнө дэмжсэн дүр үзүүлсэн ч нууцаар эсэргүүцэж, хувийн хүрээлэл бий болгон, улс төрийн хуйвалдаан зохион байгуулж байсан” гэжээ.

Зоу Юнкань нь ХКН-ын 95 жилийн түүхэнд эдийн засгийн гэмт хэрэгт буруутгагдсан хамгийн өндөр албан тушаалтан болсон юм. Гуо, Шу нар нь Цэргийн Төв Хорооны дэд дарга нар байсан бөгөөд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн түүхэнд авлигын хэргээр баривчлагдсан хамгийн өндөр албан тушаалтнууд болж байлаа.

Ши Жиньпин энэ илтгэлээрээ нам дотрох жигүүр, фракцийн хуваагдлыг арилгаж, бусад гишүүдийг өөртөө үнэнч байлгах алхам хийсэн бололтой. Мөн түүний хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг тэмцэл нь давхар эрх мэдлийн төлөө тэмцлийг агуулж байгаа нь харагдлаа хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурал ирэх намар болох ба түүнээс өмнө Ши Жиньпин намын өндөр албан тушаалтнуудын дотор халаа сэлгээ хийж, өөрийн эрх мэдлийг бататгах зорилготой байгаа юм.

Өнгөрсөн намар болсон намын бүгд хурлаар Ши Жиньпинийг анх удаа намын “гол удирдагч” гэж зарласан нь Мао Зэдун, Дэн Сяопинь нараас хойш анх удаа хэрэглэж байгаа нэр томъёо ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post