Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үлэг гүрвэлүүд Цэрдийн галавт тохиолдсон сүйрлийг давж чадаагүйн учрыг тайлбарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Цэрдийн галавын үед манай дэлхийд аварга солир унаснаас сүйрэл болж, үлэг гүрвэлүүд устсан гэдэг. Харин шувууд, хөхтөн амьтад, хоёр нутагтнууд 65 сая жилийн өмнө тохиосон энэхүү гамшгийг даван туулж үлдсэн нь сонирхолтой.

Тэгвэл хэсэг палеонтологичид үлэг гүрвэл нь өндгөө харьцангуй удаан дардаг байснаас дээрх сүйрлийн дараа үлдэж чадаагүй гэсэн дүгнэлт хийжээ. Харьцуулбал шувууд, жижиг хөхтөн амьтад хэдхэн хоногийн хугацаанд үр удмаа бойжуулж чаддаг байсан нь давуу тал болсон байна.

Энэхүү дүгнэлтийг үлэг гүрвэлийн үр хөврөлийн өндгөндөө хэр удаан байсныг шүдэн дээрх хээгээр нь тооцоолох аргыг нээсэн Флоридагийн Их сургууль болон Калгарийн Их сургуулийн эрдэмтэд гаргажээ.

Модны цагираг жил бүр нэмэгддэг шиг, үлэг гүрвэлийн үр хөврөлийн шүдэнд өдөр бүр нэг давхарга нэмэгдэж байдгийг тэд тогтоосон юм. Энэхүү давхаргыг нь микроскопоор тоолсноор үлэг гүрвэл өндгөө гурваас зургаан сар хүртэл хугацаанд дардаг байсан гэж дүгнэжээ.

“Хэдийгээр шувууд, хоёр нутагтнууд, хөхтөн амьтад тэсэн үлдэж чадсан байхад Цэрдийн галавын сүүлээр үлэг гүрвэлүүд яагаад устсан шалтгааныг тайлбарлахад энэхүү нээлт тус болно гэж бид үзэж байна” хэмээн Флоридагийн Их сургуулийн биологийн ухааны профессор Грегори Эриксон ярьж байна.

Өнөөг хүртэл эрдэмтэд үлэг гүрвэлийн өндгөө дарах хугацааг шувуутай адил 11-85 хоног гэж үзэж байсан юм. Учир нь шувууг үлэг гүрвэлийн үлдэгдэл төрөл зүйл гэж үздэг.

Гэвч ойролцоо хэмжээтэй хэдий ч хэвлээр явагч амьтдын өндөг шувууныхаас хоёр дахин удаан бойждог нь сонирхол татаж байв. Ингээд тэд дэлхийн хоёр өөр цэгээс олдсон үлэг гүрвэлийн үр хөврөлүүдийг судалж үзсэн байна. Нэг нь Монголын говиос олдсон хонины хэмжээтэй жижиг гүрвэлийнх (протоцератоп) байсан бол нөгөө нь Канадын Альбертагаас олдсон үлэмж биет, нугасан хошуут гүрвэлийнх (хипакрозаурус) байжээ.

Ингэхэд жижиг гүрвэлийн өндгийг гурван сар дардаг бол том гүрвэлийнхийг зургаан сар дардаг болохыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл бие томрох тусмаа өндөгний дарах хугацаа нь нэмэгдэж байжээ.

Судалгааны тайлан “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: MSN