Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ким Жон Уны мэдэгдэлд хариу өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп ба Ким Жон Ун

Шинэ жилээр ард түмэндээ хандаж телевизийн сувгаар мэндчилгээ хүргэсэн Ким Жон Ун АНУ-ын баруун эрэгт хүрэх чадвартай тив хоорондын баллистик пуужинг турших бэлтгэл сүүлчийн шатандаа шилжсэнийг зарласан юм.

Тэрээр ингэж мэдэгдсэнээрээ АНУ-ын шинэ засаг захиргаанд Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс болсныг хүлээн зөвшөөрүүлэх, гэрээ хэлэлцээртээ хөшүүрэг болгон ашиглах санаатай байгааг ажиглагчид дүгнэж байв.

Тэгвэл Даваа гарагийн орой Дональд Трамп твиттер хуудсандаа хариу мэдэгдэл хийжээ.

Тэрээр хоёр хэсэг мэдэгдэл хийсний эхнийхэд нь Хойд Солонгост хандсан байсан бол хоёр дахь мэдэгдэлээ Хятадад хаягласан байна.

Эхний мэдэгдэлдээ Трамп “Хойд Солонгос дөнгөж сая АНУ-д хүрэх чадвартай цөмийн зэвсгийн хөгжүүлэлт нь сүүлийн шатанд шилжсэнийг мэдээллээ. Гэсэн ч ийм зүйл болохгүй!” гэжээ.

Дараа нь тэр Хойд Солонгосын гол ивээн тэтгэгч гэгддэг Хятад улсад хандан “Хятад улс АНУ-тай хийдэг нэг талдаа ашигтай худалдаанаас их хэмжээний мөнгө, баялаг олдог мөртлөө Хойд Солонгосын асуудалд туслахгүй байна. Сайхан хэрэг!” гэсэн байна.

Хойд Солонгосын дэглэм өмнө нь тив хоорондын баллистик пуужин туршиж байсан бөгөөд ганц ч удаа амжилттай болоогүй юм. Тиймээс Ким Жон Уны мэдэгдэл шинжээчдийг хоёр хуваагаад байна. Зарим нь түүнийг хоосон мэдэгдэл хийлээ гэж байгаа бол нөгөө хэсэг нь Хойд Солонгосын цөмийн амбиц үнэхээр аюултай түвшинд хүрсэн гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн онд Ким Жон Ун хоёр цөмийн туршилт, олон удаагийн пуужингийн туршилт хийсэн нь эцэстээ АНУ-д хүрэх чадвартай зэвсэг бүтээхэд чиглэж байгаа гэгддэг.

 

Эх сурвалж: Japan Times