Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн шоронд дайн дэгдэж 60 хоригдол алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Амазон мөрний бүсэд байрладаг Бразилийн шоронгийн хоригдлууд дунд дайн дэгдэж 60 гаруй хүн алагдсан хэрэг гарчээ.

17 цаг үргэлжилсэн дайн Ням гарагийн үдээс хойш эхэлсэн байна. Гарсан хэрэг нь Бразилийн түүхэнд хамгийн томд орох шоронгийн аллага гэнэ.

Даваа гарагийн өглөө хоригдлуудад барьцаалагдсан 12 харгалзагчийг цагдаа нар чөлөөлж чаджээ. Шоронд нэвтрэхэд ихэнх амиа алдагсдын толгойг тасалсан аймшигт дүр зураг үзэгдсэн байна.

Уг хэрэг нь Бразилийн хойд хэсгийн “Хойд нутгийн Гэр бүл” дээрмийн бүлгээс тус улсын хамгийн том дээрмийн бүлэг болох Сан Паулод төвтэй “Нийслэлийн нэгдүгээр комманд”-д өгсөн сануулга ажээ.

Нэгэнт хэргээ гүйцээсэн тул хоригдлууд цагдаа нараас юу ч шаардалгүйгээр бууж өгсөн байна. Тавьсан ганцхан хүсэлт нь тэдэнтэй хатуу харьцахгүй байх гэжээ.

Орон нутгийн бүлэг дайсагнагч бүлгийн гишүүдийг харгис хэрцгийгээр алсан нь тэдний гол зорилго байсан байна. Бразилийн хөл тавих зайгүй хоригдлуудаар дүүрсэн шоронгуудад гардаг хүчирхийллийн сүүлийн тохиолдол нь энэ юм.

Өнгөрсөн аравдугаар сард Бразилийн гурван тусдаа шоронд зэрэг гарсан гэмт хэргийн бүлэглэл хоорондын дайнд мөн олон хоригдол алагдсан бөгөөд зөвхөн нэг шоронд нь 25 хүн алагдсан гэдэг.

Тэдний толгойг нь тасдах, амьдаар шатаах зэрэг харгис аргаар амийг нь хөнөөсөн байжээ.

Хууль зүйн яамны мэдээлснээр 2014 оны байдлаар Бразилд 622,000 хоригдол байгаагийн ихэнх нь хар арьст эрчүүд байгаа гэнэ.

Энэ үзүүлэлтээрээ Бразил дэлхийд АНУ, Хятад, Оросын дараа дөрөвт орох олон хоригдолтой улсад тооцогддог.

Бразилийн шоронгийн нөхцөл байдлыг хүний эрхийн байгууллагууд байнга шүүмжилдэг бөгөөд нийт хоригдлуудаа багтаахын тулд багтаамжаа 50 хувь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг байна.

 

Эх сурвалж: South China Morning Post