Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Большевик хувьсгалын 100 жилийн ойгоор Лениний шарилыг оршуулах уу?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2017 он бол 1917 оны Большевик хувьсгалын 100 жилийн ой. Энэ ойг тохиолдуулан хувьсгалын удирдагч Владимир Лениний шарилыг бунхнаас нь гарган оршуулж магадгүй гэсэн таамаг сүүлийн үед яригдах болжээ. Оросын эзэн хаан Романовынхны удмыг зайлуулж, 70 жил үргэлжлэх коммунист дэглэм тогтоосон Лениний шарил одоо болтол Кремлийн гадна орших бунханд байрлаж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг Орос орныг хувирган өөрчлөхдөө Зөвлөлт маягаар биш, хуучин хаант засгийн хэлбэрт шилжүүлж байгаа гэж судлаачид үздэг.

ЗХУ задран унаснаас хойш буюу 1991 оноос эхлэн Лениний шарилыг бунхнаас зайлуулах тухай яриа гарч эхэлсэн. Гэвч прагматик Путин үүнд нэлээд болгоомтой хандаж ирсэн юм. Харин хувьсгалын 100 жилийн ой буюу 2017 он үүнийг хэрэгжүүлэх хамгийн өндөр магадлалтай цагт тооцогдож байна.

Ингэснээрээ Путин Оросын нийгэмд хувьсгал бол муу зүйл гэсэн мессэжийг өгөх зорилготой байж болзошгүй.

Үүний эхлэл болгон тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард үг хэлэхдээ Ленинийг буруутган, Большевик засаглал тогтоосон нь Орос орныг сулруулах “цагтай тэсрэх бөмбөг” тавьсантай адил хэрэг болсон гэж байв.

Үүний дараа Крымийн захиргааны ерөнхий прокурор байгаад парламентын гишүүн болсон Наталья Поклонская Ленинийг Гитлер, Мао нартай адил 20 дугаар зууны “мангасуудын нэг” гэж ярьж байлаа. Хэт үндсэрхэг үзэлтэн, улс төрч Жириновский бас Москвагийн Лениний өргөн чөлөөг, Догшин Иваны нэрэмжит болгон өөрчлөхийг уриалж байсан юм.

Энэ бүхэн Оросын нийгмийг Лениний эсрэг үзэлд бэлдэж байгаагийн шинж гэж үзэж болно.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1 –нд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Путин зуун жилийн өмнө гарсан хувьсгал нь хүмүүсийн амьдралыг сүйтгэж, эдийн засгийг унагасан эмгэнэлт үйл явдал гэж мэдэгджээ. Тэрээр Оросын өрх бүрт эмгэнэл авчирсан ийм үйл явдал дахин гарахгүй байх ёстойг хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл хувьсгал бол хэрэггүй зүйл гэдгийг дахин дахин сануулж байв.

Ажиглагчид үүнийг нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж, Киргиз, Украинд гарсан хувьсгалыг Орос оронд давтуулахаас болгоомжилж байгаагийн илрэл гэж үзэж байна.

2011 оны арванхоёрдугаар сард болсон парламентын сонгуулийн дараа гарсан гудамжны эсэргүүцэл Путиныг багагүй цочроосон гэдэг. Тухайн үед тэр дахин ерөнхийлөгчөөр сонгогохоор бэлдэж байсан юм. Одоо Путин 2018 онд дахин зургаан жил ерөнхийлөгчийн суудалд суухаар бэлдэж байна.

Харин 2024 онд 71 настай байх Путины дахин ерөнхийлөгч болох боломж үндсэн хуулиар хориглогдож байгаа. Нэг хүн гурван удаа дараалан ерөнхийлөгч болохыг ОХУ-ын үндсэн хуулинд хориглодог.

Тиймээс Ленинийг оршуулах нь Путины 2018 оны сонгуульд ялахад нь тус болно. Түүнийг ЗХУ-ын удаан үргэлжилсэн өв уламжлалаас Оросуудыг салгасан түүхэн хүнд тооцогдоход хүргэнэ.

Лениний оронд Путин улс орны эцгийн сууринд залагдана гэсэн тооцоо бий.

Мөн ингэснээр тэр үндсэн хуульд өөрчлөлт оруулж 2024 оноос хойш төрийн эрхэнд үлдэх замаа засах боломж гарч магадгүй юм. 

Гэвч нөгөө талд эрсдэл байгааг мартаж болохгүй. 2013 онд Левада судалгааны байгууллагын гаргасан мэдээллээр Оросуудын 25 хувь нь Лениний шарил бунхандаа үлдэх ёстой гэж үзэж байжээ.

Мөн Лениний шарилыг зайлуулах нь тус улсын Коммунист намынхны эсэргүүцэлтэй тулгарна. ЗХУ-ын үеийн дурсамжийг тээж явдаг Коммунист нам 1995 оноос хойш парламентын сонгууль бүрт хоёрдогч улс төрийн хүчин болсоор ирсэн юм.

1918 онд Николай II хааныг цаазалснаар Орос орныг удирдах агуу хүч чадалтай болсон Коммунистууд Ленинийг бунхнаас зайлуулбал өөрсдийнх нь хүч нөлөө суларна гэдгийг мэдэж байгаа.

Тиймээс 2017 он Оросын түүхэнд ямраар ч нөлөөлж болзошгүй чухал жил болж магадгүй байна.

 

 Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty