Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Өмнөд Солонгосын дипломат албаныхантай холбоотой “хормойн явдал” тасрахгүй байна.

Тус улсын гадаад хэргийн яамны нэг ажилтан эмэгтэйчүүдийн биеийн хэсгийг гар утасны камер ашиглан нууцаар бичиж байсан нь илэрснийг өнгөрсөн Баасан гарагт хуулийн байгууллага мэдээлжээ.

Прокурорын мэдээлснээр Ким гэх энэ албан тушаалтан өнгөрсөн дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд нийт 16 удаа кафенд, автобусанд болон гадаад хэргийн яамны байранд нууц бичлэг үйлдсэн байна.

Цагдаа нар түүнийг хамгийн сүүлийн үйлдэл дээр нь баривчилжээ.

Гадаад хэргийн яам Кимийг албан тушаалаас нь огцруулж, сахилгын хатуу арга хэмжээ авсан байна. Яг хэрхэн шийтгэснийг эхний шүүх хурлын дараа ил болгох гэнэ.

Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 20-нд гадаад хэргийн яам Чили дэх дипломат ажилтан Пак Жён Хакийг ажлаас нь халснаа зарласан юм. Тэрээр оршин сууж байсан улсынхаа өсвөр насны охидын биед халдсан нь батлагдсан ажээ. Тэрээр Солонгос хэл заах нэрийдлээр энэ хэргээ үйлдсэн байна.

Түүнийг Чилиэс буцаан татаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ.

Мөн арванхоёрдугаар сарын эхээр Ойрх Дорнодын нэгэн оронд суудаг элчин сайд өөрийн ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар цалингаа хасуулах шийтгэл хүлээсэн байна. Аль улсын элчин сайд болохыг гадаад хэргийн яам одоогоор нууцалж байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times