Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс гадаад бодлогодоо 2016 оны төгсгөлд “хэт трик” хийснээ мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн мэдээллийн суваг Синьхуа агентлаг өчигдөр нэгэн мэдээлэл нийтэлсэн нь Монгол улстай холбоотой байлаа. Уг нийтлэлд дурдсанаар 2016 оны сүүлийн хоёр долоо хоногт Хятад улс гадаад бодлогодоо “хэт трик” хийж, олон улсын тавцанд нэр хүндээ өргөж чадсанаа бахархалтайгаар мэдээлжээ.

“Хэт трик” гэж спортын ертөнцөд нэг тэмцээнээс гурван сайн үзүүлэлт, гурван оноо авах үзэгдлийг нэрлэдэг үг юм.

Хятад улс 2016 оны сүүлийн хэд хоногт авсан “гурван оноогоор” Норвеги улстай харилцаагаа хэвийн болгосон, Монгол улсаас Далай ламыг дахин хүлээж авахгүй гэсэн амлалт авсан, Сан Томе ба Принсипи улс Тайваниас дипломат харилцаагаа салган Бээжинтэй харилцаагаа сэргээсэн зэрэг гурван үйл явдлыг нэрлэжээ.

Эдгээр үйл явдлууд нь Хятадын дипломат бодлого хэрхэн хүчирхэгжиж байгааг дэлхий дахинд харуулж, Хятадын үндэсний ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоосон яриа төдий зүйл биш болохыг харууллаа гэж онцолсон байна.

2010 онд Норвеги улс Нобелийн Энх тайвны шагналыг Хятадын тэрс үзэлтэн Лю Шяобод олгосны дараа хоёр орны харилцаа зургаан жилийн туршид царцанги байдалд орсон юм. Тэгвэл саяхан Норвеги улс “нэг Хятад” бодлогыг хүндлэхээ амласнаар харилцаа эргэн хэвийн болсон байна.

Үүний нэгэн адил Монгол улс Төвдийн шашны тэргүүн Далай Ламыг хүлээж авснаасаа хойш нэг сарын дараа дахин түүнийг нутагтаа хүлээж авахгүй гэдгээ амласнаар хэсэг хугацаанд муудаад байсан эдийн засгийн харилцаа сэргэх замдаа орлоо гэжээ.

Гурав дахь жишээ болсон Африкийн Сан Томе ба Принсипи улс анх 1975 онд Хятадтай дипломат харилцаа тогтоож байсан боловч 1997 онд санхүүгийн дэмжлэг авах сонирхлоор Тайваньтай дипломат харилцаа тогтоож, эх газрын Хятадыг орхиж байжээ.

Тэгвэл Тайваний тусламжинд сэтгэл дундуур байсан 200 мянган хүн амтай арал улс хэдхэн хоногийн өмнө Тайваниас салж, Бээжинтэй дипломат харилцаагаа эргэн сэргээсэн байна.

Ийнхүү Монгол-Хятад улс хоорондын дипломат харилцаанд үүссэн асуудал Бээжингийн үзэл суртлын нэг хэсэг болон ашиглагджээ.

 

Эх сурвалж: Xinhuanet