Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дутертэ авлигачдыг нисдэг тэрэгнээс шиднэ гэж сүрдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Родриго Дутертэ

Байнга хэл ам дагуулсан мэдэгдэл хийж байдаг Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ энэ долоо хоногт бас нэгэн хатуу үг хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Мягмар гарагт тэрээр тус улсын хойд зүгийн Лузон аралд зочилсон юм. Энэ бүс нутагт саяхан далайн хар салхи дэгдэж зургаан хүн амь үрэгдэн, олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Дутертэ гамшигт нэрвэгдсэн бүсийн хүн ардад мөнгөн тусламж үзүүлэхээ энэ үеэр зарласан юм.

Ингэхдээ тэрээр хэрвээ тусламжийн хөрөнгө мөнгийг албан тушаалтнууд шамшигдуулбал тэднийг нисдэг тэрэгнээс шиднэ гэж анхааруулжээ.

Дутертэ “Би та нарыг Манила руу авч явах замдаа нисдэг тэрэгнээс түлхэж унагана” гэж цугларсан хүмүүсийн өмнө хэлээд “Би өмнө нь ингэж байсан. Яагаад дахин хийж болохгүй гэж?” гэсэн байна.

Дутертэ өмнө нь хэзээ, хэнийг нисдэг тэрэгнээс түлхэж байсан нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалж түүнийг нэг удаа хүчин, аллагын хэрэг үйлдсэн этгээдийг ингэж байсан гэж мэдээлжээ.

Саяхан тэр бас өөрийн гараар хүн алж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. 1988 онд Дутертэ Давао хотын дарга болсноосоо хойш хэдхэн сарын дараа нэгэн хятад охиныг барьцаалан хүчирхийлж байсан гурван этгээдийг өөрөө буудаж алсан гэдэг.

Дутертэ нь 1988 оноос эхлэн бараг 20 орчим жил Филиппиний өмнөд эргийн Давао хотын даргаар ажиллаж байсан. Тус хот нь ерөнхийлөгч асан Фердинанд Маркосын дэглэмийн эсрэг коммунист бослогын гол төв байсан юм.

Тус хотод Манилагийн эрх баригчид босогчдыг дарах дайн явуулж, аллага, дэлбэрэлт, сураггүй алга болох явдал түгээмэл байсан гэдэг.

Дутертэ энэ туршлага дээрээ тулгуурлан Филиппин орныг хар тамхитай холбоотой гэмт хэргээс салгахаа амлаж, өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

Эх сурвалж: South China Morning Post