Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Барак Обама Оросын хувь хүмүүс, байгууллагуудад нэмж хориг тавьлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зарлиг гаргаж, Америкийн сонгуулийн ажиллагаанд нөлөөлсөн шалтгаанаар Оросын хувь хүмүүс болон байгууллагуудад хориг тавьжээ.

Холбооны Нөөцийн сан ОХУ-ын таван байгууллага, дөрвөн иргэнд шинээр хориг тавьсан бол АНУ-д ажиллаж байгаа Оросын 35 дипломат ажилтныг 72 цагийн дотор гэр бүлийн хамт Америкаас гарч явахыг Цагаан ордон шаардсан байна. Үүнд Нью-Йорк болон Мэрилэнд дахь дипломат төлөөлөгчийн газрууд хамрагджээ.

Обамагийн мэдэгдэлд “эдгээр нь Оросын түрэмгий үйл ажиллагааны эсрэг авах бүх арга хэмжээ биш” гээд өөр олон арга хэмжээг үргэлжлүүлэн авах бөгөөд тэдгээрийн зарим нь олон нийтэд зарлагдахгүй гэжээ.

АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп түүнийг сонгуульд ялахад Оросын кибер халдлага нөлөөлснийг үгүйсгэдэг. Тэрээр энэхүү мэдэгдлийн дараа сэтгүүлчдэд ярихдаа “манай оронд үүнээс илүү чухал хийх ажлууд байгаа” гээд “гэхдээ тагнуулын байгууллагын удирдагч нартай ирэх долоо хоногт уулзаж, сүүлийн үеийн баримт мэдээллүүдтэй танилцана” гэсэн байна.

Оросын тал Обамагийн авч байгаа арга хэмжээнд харамсаж байгаагаа илэрхийлээд Москва мөн хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Ажиглагчид Обамагийн шийдвэрийг 1980-аад оны эхэн үеэс хойш АНУ-Оросын хоорондын харилцаа хамгийн доод хэмжээнд хүртлээ муудсан тохиолдол боллоо гэж үзэж байна.

Гэхдээ шинэ ерөнхийлөгч хориод хоногийн дараа тангараг өргөх гэж байгаа тул Обамагийн шийдвэр тийм ч урт настай байж чадахгүй гэсэн таамаглал байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today, Independent