Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын сайд нарын айлчлалыг давхцуулснаа Балбын засгийн газар тайлбарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Балбын гадаад хэргийн сайд

Сүүлийн үед Балбын хэвлэлүүдэд тус улсын засгийн газар том хөрш Хятад улстай харилцах харилцаандаа мэдрэмжгүй хандаж байгааг шүүмжилсэн мэдээлэл гарах болсон байна.

Үүнд хариу өгөх зорилгоор Лхагва гарагт буюу өчигдөр Балбын гадаад хэргийн сайд, доктор Пракаш Шаран Махат хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Энэ үеэрээ сайд Далай ламын айлчлалтай холбоотой дипломат харилцаанд нь хүндрэл үүсээд байгаа Монгол, Хятад улсуудын төрийн дээд албаны хүмүүсийн айлчлалыг яагаад нэг өдөр давхцуулснаа тайлбарласан байна.

Сайдын хэлж байгаагаар Монгол улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын айлчлалыг арваннэгдүгээр сарын 13-нд зохион байгуулахаар хоёр тал есдүгээр сард Нью-Йорк хотод уулзахдаа тохирсон байжээ.

Гэвч дараа нь энэ айлчлалын тов арванхоёрдугаар сард болж хойшлогдсон байна. Энэ үеэр Хятадын засгийн газрын төлөөлөгч Лю Чибао арванхоёрдугаар сарын 9­-нд Балбад айлчлах хүсэлтийг Катмандуд ирүүлжээ.

Ийнхүү нэг өдөр хоёр улсын хүндтэй зочид айлчлах болсон нь ямар нэг дипломат бодлогын алдаа биш. Аль нэгийг нь хойшлуулах боломжгүй байсан талаар Балбын гадаад хэргийн сайд мэдээлсэн байна.

“Бид Лю даргын айлчлалыг долоо хоногийн өмнө мэдсэн, Монголын сайдын айлчлалыг бүр өмнө нь төлөвлөсөн байсан. Хоёр удирдагчийн айлчлал нэг өдөр давхцсан нь тохиолдлын чанартай. Ямар нэг санаатай явууллага биш” хэмээн Махат сайд тайлбарлажээ.

Энэ үеэр сайд мөн Лүмбинд Монголын шашны сүм байгуулах асуудлаар тайлбар өгсөн байна. Уламжлалт Буддын шашинтай Монгол улс Гаутама Буддагийн төрсөн газар гэгддэг Лүмбинд өмнө нь газар худалдаж авахаар тохирсон байсан ба тэнд Монголын сүм барихаар саяны айлчлалаар ярилцсан гэнэ.

Балбын гадаад хэргийн сайдын мэдээлэл тус улсын эдийн засгийн чухал түнш болоод байгаа Хятад улстай харилцах харилцаанд эргэлзээ үүсэхээс сэргийлэх зорилготой байсан тухай Балбын онлайн мэдээллийн MyRepublica суваг мэдээлжээ.

 

Эх сурвалж: MyRepublica.com