Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Багануурчууд эвээ эрхэмлэн, намаа, Монголоо шинэчлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг хүслээ

Ардчилсан Нам
2016 оны 12 сарын 29
Ардчилсан Нам
Зураг зураг

Ардчилсан намын шинэчлэлийг Ардчилсан намын  даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй Н.Алтанхуяг,  Ж.Батзандан,  Лу.Гантөмөр,  С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат  гэсэн таван нэр дэвшигч Багануур дүүргийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Уулзалт хэлэлцүүлэг дүүргийн “Өргөө” соёлын ордонд болж, нийт 300 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо. Тус уулзалтыг нээж дүүргийн Ардчилсан намын дарга О.Мөнхтулга үг хэлсэн бөгөөд тэрээр “Намын шинэчлэлийн эхлэл болж байгаа намын даргын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдэд баяр хүргэн, Улаанбаатар хотын гал голомт болсон энэ дүүргийнхэн намын шинэчлэлд манлайлан оролцож сонгуульд идэвхтэй оролцох ёстой. Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн энэ намын дотоод асуудал биш Монгол Улсын хөгжлийн асуудал” хэмээн онцолсон юм.

Нэр дэвшигч тус бүр 20 минутад багтаан Ардчилсан намыг шинэчлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсон санаа бодлоо хуваалцлаа. Гишүүд дэмжигчдийн хувьд эвээ эрхэмлэн, намаа, Монголоо шинэчлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж, гишүүдээ сонсдог, дэмждэг байхыг хүссэн юм. 

О.Мөнхтулга: АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬ МОНГОЛ УЛСАД СОНГУУЛИЙН ШИНЭ ЖИШГИЙГ ТОГТООНО

Уулзалтын үеэр бид Багануур дүүргийн Ардчилсан намын дарга О.Мөнхтулгатай цөөн хором ярилцаж тодруулга авлаа. 

- Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл улс орны хэмжээнд өрнөж байна. Багануур дүүрэгт явц хэр байна вэ? 

- Ардчилсан намын 6-р их хурал 12 дугаар сарын 6, 7-нд болсон. Энэ хурлаас гарсан шинэчлэлийн томоохон шийдвэрүүд өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж эхэлж байгаад би төдийгүй намын олон мянган гишүүд баяртай байна.

Шинэчилсэн бүртгэл эхлээд тодорхой хугацаа өнгөрч, үүр бүр бүртгэлээ хийгээд жигдэрсэн. Хуучин гишүүд маань бүртгэлдээ хамрагдаж, шинээр гишүүд элсэж байна. Ялагдсан ч гэсэн манай намын үзэл бодол, үйл хэргийг дэмжиж байгаа иргэддээ баярлаж байгаагаа илэрхийлье. Бүртгэл 1 дүгээр сарын 4-нд дуусна.

Намын шинэчилсэн дүрмээр намын шинэчилсэн бүртгэлдээ хамрагдан, 2016 оныхоо татварыг төлсөн гишүүн саналын эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл ардчилсан намын даргын сонгуульд саналаа өгөх боломжтой болох юм. Улс орны өнцөг булан бүрт байгаа гишүүдээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаарай гэж уриалья. 

- Намын даргад нэр дэвшигчид гишүүдтэйгээ уулзалт хийсээр байна. Багануурчууд хэр хүлээн авав?

- Мэдээж намын гишүүд маань сэтгэгдэл маш өндөртэй байна. Намын даргын сонгуульд нэр дэвшигчид маань өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрөө танилцуулж, намын шинэчлэлд гишүүдтэйгээ хамтран зүтгэхээ илэрхийлсээр байна.

Нэр дэвшигчид бүрт өөрийн өөрийн намын ажлын туршлага, хийж бүтээсэн ажил, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал бий. Энэ хүмүүсээс хэн нь ч ялалт байгуулж намын дарга болсон бай намынхаа эв нэгдлийг ханган Монгол Улсын бодлогыг тодорхойлох хүчирхэг Ардчилсан намыг авч явж чаднаа гэдэгт итгэлтэй байна.

Бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа эв нэгдлийг намын даргын сонгуулийн сунгаа бүрдүүлж байна. Нэр дэвшигчид бие даасан сурталчилгаа хийхгүй, хэн нэгнийг лоббидохгүй, хүмүүс итгэл үнэмшлээрээ сонгууль өгөх боломжийг бүрдүүллээ. Мөн санал хураалт, тоолох процесс ч ил тод нээлттэй болно.

Гэрэл зургууд:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
17 | 18 | 20 цаг