Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун цөмийн хөтөлбөрөө 2017 онд багтааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Дүрвэгч Тэ Ён Хо

Их Британи дахь Хойд Солонгосын элчин сайдын орлогчоор ажиллаж байгаад Өмнөд Солонгос руу дүрвэсэн Тэ Ён Хо өчигдөр буюу Мягмар гарагт анх удаагаа Сөүлд хэвлэлийн бага хурал хийжээ.

Өмнөд рүү дүрвэсэн Хойд Солонгосын хамгийн том албаны хүмүүсийн нэгд тооцогддог Тэ Ён Хо энэ үеэр Ким Жон Уныг 2017 онд цөмийн хөтөлбөрөө амжиж дуусгахаар шаргуу ажиллаж байгаа тухай ярьсан байна.

Түүний үзэж байгаагаар 2017 он бол Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн нөхөн сонгууль болох жил бөгөөд АНУ-д Дональд Трамп шинэ ерөнхийлөгчөөр тодрох жил. Ийнхүү Хойд Солонгост тавих анхаарал суларсан улс төрийн шилжилтийн үеийг ашиглан Ким Жон Ун “ямар ч үнээр хамаагүй цөмийн хөтөлбөрөө 2017 онд дуусгах” гэж ажиллаж байгааг тэр хэлжээ.

Тэ Ён Хо бас Хойд Солонгосын дэглэм Ким Жон Уныг төрийн эрхэнд байгаа цагт хэзээ ч цөмийн зэвсгээсээ татгалзахгүй гэсэн байна. Тэр “Пьёньян $1 их наяд, бүр $10 их наядыг амласан ч цөмийн зэвсгээсээ татгалзахгүй. Энэ бол мөнгөний асуудал биш” гэжээ.

Мөн Хойд Солонгосын дэглэмийн гол өмгөөлөгч Хятад улс Ким Жон Унд хатуурхаж чадахгүй гэдгийг дэглэм мэдэж байгаа тул итгэлтэйгээр цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдөж байгааг Тэ Ён Хо хэлсэн юм.

“Хятад улс өөрийн хил залгаа оронд ардчиллын давалгаа үүсгэхийг хүсэхгүй, мөн АНУ-ын цэргийн хүч байрласан оронтой шууд хил залгах хүсэлгүй тул хоёр Солонгосын нэгдлийн эсрэг байгаа” гэж экс элчин сайд ярьсан байна.

Лондон хотоос Сөүлд эхнэр, хоёр хүүгийн хамт дүрвэж ирсэн Тэ Ён Хо анх удаагаа хэвлэл мэдээлэлд хандаж байгаа нь энэ юм.

Хэсэг хугацаанд Сөүлийн эрх баригчдын хамгаалалтад байсан тэрээр энэ сарын 23-наас эхлэн Өмнөд Солонгосын нийгэмд жирийн иргэн шиг амьдарч эхэлжээ. Тэрээр Хойд Солонгосын зүгээс ирэх аюул заналаас айлгүйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа илэрхийлээд “Хэрвээ би хоёр Солонгосын нэгдлийн төлөө өөрийгөө золиословол нэр төрийн хэрэг байх болно” гэжээ.

Тэ Ён Хо олон жил Дани, Швед, Британи зэрэг өрнөдийн орнуудад элчин сайдаар ажиллахдаа ардчилсан нийгмийн хөгжил дэвшлийг мэддэг болсон нь Сөүл рүү дүрвэхэд нөлөөлсөн тухайгаа ярьж байв.

 

Эх сурвалж: Korea Times