Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Румынь улсын анхны муслим ерөнхий сайдтай болох саналыг ерөнхийлөгч нь буцаажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайдад нэр дэвшигч Сэвил Шайдех

Энэ сарын эхээр болсон сонгуульд ялалт байгуулсан зүүний намынхан ерөнхий сайдад анх удаа муслим эмэгтэйг нэр дэвшүүлснийг Румыний ерөнхийлөгч буцаажээ.

Сэвил Шайдехыг ерөнхий сайд болгохыг ерөнхийлөгч Клаус Иоханнис яагаад эсэргүүцсэнээ тайлбарлаагүй байна. Эх сурвалжууд нэр дэвшигчийн нөхөр Сири гаралтай байсан нь гол шалтгаан байх гэж таамаглажээ.

Өчигдөр телевизээр мэдэгдэл хийхдээ Клаус Иоханнис “Би тал талын мэдээллийг сайтар дүгнэж үзээд энэ саналыг дэмжихгүй байхаар шийдлээ. Өөр хүнийг нэр дэвшүүлэхийг би олонход уриалж байна” гэсэн юм.

Энэ сарын 11-нд болсон сонгуулиар Социал Демократууд 45 хувийн санал авч олонх болсон. Тус намын дарга Ливиу Драгнеа өмнөх сонгуулиар луйвар хийсэн нь илчлэгдсэн тул хоёр жил төрийн алба хаах эрхгүй болсон бөгөөд энэ нь түүнийг ерөнхий сайд болох боломжгүй болгожээ.

Нэр дэвшигч Шайдех нь төрийн албаны туршлага бага, намын даргатай ойр байдгийн хувьд түүний хурууны хүүхэлдэй болох магадлалтай гэгддэг. 2011 онд тэр Сири хүнтэй гэр бүл болж байжээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээлснээр Шайдехийн нөхөр Сирийн ерөнхийлөгч Ассадыг дэмждэг, Ливаны Хезболлах хөдөлгөөнийг мөн дэмждэг болохоо хэд хэдэн удаа илэрхийлж байсан гэнэ.

Тэр 2011 онд Румыньд цагаачлахаасаа өмнө Сирийн хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байсан бөгөөд дараа нь Румыний хөдөө аж ахуйн яаманд зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 онд иргэншил авсан байна.

Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар Шайдехийг ерөнхий сайдад нэр дэвшүүлсний дараа тус улсын тагнуулынхан ерөнхийлөгчид “хатуу анхааруулга” өгсөн гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian