Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Британид хууль бус цагаачдыг илрүүлэх ажиллагааны үеэр Монгол хүн баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хууль бус цагаачдыг илрүүлэх тусгай ажиллагааг Их Британид зохион байгуулсан тухай албаныхан өчигдөр мэдээлжээ. Ингэхдээ хумсны гоо сайхны газруудыг (nail bar) чиглэсэн ажиллагаа явуулахад 97 хууль бус цагаач илэрсэн байна. Тэдгээрээс 14 нь боолын хөдөлмөр эрхэлж байсан байх магадлалтай гэжээ.

Илэрсэн цагаачдын ихэнх нь Вьетнамчууд байсан бол бусад нь Монгол, Гана, Хятад, Нигери, Пакистан, Энэтхэгийн иргэд байсан байна.

“Operation Magnify” нэртэй ажиллагаа долоо хоног үргэлжилж, цагаачид ажиллаж байх магадлалтай үйлчилгээний салбарыг чиглэсэн байна.

Зөрчилтэй байгууллагуудыг илэрсэн хууль бус цагаач бүрийн тоогоор 20,000 паундын торгууль ноогдуулах гэнэ.

“Operation Magnify” ажиллагааг арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны хооронд явуулж, Их Британи даяар 280 гоо сайхны газрыг хамарчээ.

Британий ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын удирдагчдын чуулган дээр үг хэлэхдээ цагаачлалын хатуу бодлого явуулахаа амласны дараахан энэхүү ажиллагааг явуулсан юм.

Цагаачлалын сайд Роберт Гүүдвилл хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Энэхүү ажиллагаа нь цагаачлалын хуулийг зөрчиж, хямд ажиллах хүч хайж байгаа ажил олгогч нарт хатуу сануулга болж байна. Орчин үеийн боолчлол бол манай нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний амьдралыг сүйтгэж байгаа харгис гэмт хэрэг юм” гэжээ.

2016 онд тэд хууль бус цагаачид ажиллаж байх магадлалтай барилга, асрамж үйлчилгээ, цэвэрлэгээ, такси, машин угаалгын салбаруудад ижил төстэй ажиллагаа явуулсан юм.

 

Эх сурвалж: Independent