Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Генри Киссинжер Крымийг Орост үлдээхийг Трампад зөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Генри Киссинжер

Америкийн ахмад дипломатч Генри Киссинжер АНУ-Оросын харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр Трамптай хэд хэдэн удаа уулзсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Зарим сувгаас авсан мэдээллээр 93 настай дипломатч нь Путин-Трампын хооронд гүүр болж байгаа гэнэ. Тэрээр сүүлийн үед Дональд Трампыг олны өмнө магтаж, Нью-Йорк дахь Трамп цамхагт хэд хэдэн  удаа зочилсон байна.

Германы Der Bild сэтгүүлд “Киссинжер Хүйтэн дайны эсрэг” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдэж, түүнийг Оростой шинэ харилцаа үүсгэхээр ажиллаж байгаа тухай мэдээлжээ.

Үүнд өгүүлснээр 2014 онд гуравдугаар сард Оросын нэг хэсэг болсон Крымийн хойгийг ОХУ-д хэвээр үлдээж, хариуд нь Оросууд дорнод Украинаас цэрэг, зэвсгийн хангамжаа татсанаар Орос болон Барууны зөрчил өндөрлөх тухай бичсэн байна.

Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлээгүй ч Киссинжер Украинд зориулсан мастер төлөвлөгөө боловсруулж байгааг өгүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт Politico сэтгүүл ноён Киссинжерийг Путинтай байнга уулздаг цөөхөн Америкчуудын нэг гэж онцолсон юм. Тэдгээрийн тоонд мөн жүжигчин Стивен Сигал, ExxonMobil-ийн гүйцэтгэх захирал Рэкс Тиллерсон нарыг нэрлэжээ.

Саяхан Киссинжер Трампын нэгэн адил Оросуудыг Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх ярианд итгэхгүй байгаагаа хэвлэлд илэрхийлсэн юм. Харин Крымийн талаарх Трампын үзэл хувьсан өөрчлөгдөж байгаа. Анх 2014 онд Крымийг Орос өөртөө нэгтгэх үед ноён Трамп эсэргүүцэж, “хэзээ ч болох ёсгүй үйл явдал” гэж хэлж байв. Харин өнгөрсөн наймдугаар сард тэрээр “миний дуулснаар Крымийн ард иргэд Оросын харьяанд байхыг илүүд үзэж байгаа гэсэн” хэмээн нэгэн ярилцлагын үеэр ярьжээ.

Politico-д бичсэнээр ноён Киссинжер нь ерөнхийлөгч Ричард Никсон, Жеральд Форд нарын үед төрийн нарийн бичгийн албыг хашиж байхдаа АНУ-Оросын хүчний тэнцвэр нь дэлхий нийтийн тогтвортой байдлын баталгаа гэсэн бодлогыг байнга баримталж байсан гэнэ.

Энэ үзлийнхээ төлөө тэр хүний эрх, ардчиллыг ч хөсөрдүүлж мэдэх хүн болохыг зарим судлаачид баталж байна. Тухайлбал Нидерландын Cicero Foundation тинк-танк байгууллагын Оросын асуудал хариуцсан мэргэжилтэн Марсел Ван Херпен хэлэхдээ “Миний бодлоор Киссинжер дипломат дайнд бэлдэж байна. Тэр бол реалист хүн. Түүний хувьд хүний эрх, ардчиллаас илүүтэй олон улсын тогтвортой байдал чухал” гэжээ.

 

Эх сурвалж: Independent