Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ тэргүүтэй холбоотнууд Исламын улс бүлэглэлийг дэмждэг тухай Эрдоган хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сири дэхь террорист бүлэглэлүүд, түүний дотор Исламын улсыг АНУ тэргүүтэй холбоотнууд дэмждэг нь тодорхой болсон тухай Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр хэлжээ.

Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Эрдоган “Бидэнд гэрэл зураг, дүрс бичлэг бүхий баталгаа байгаа” гэсэн байна. Тэр бас Курдын салан тусгаарлагч бүлгүүдийг барууныхан дэмжиж байгааг энэ үеэр мэдэгдсэн юм.

Эрдоган бас Сирийн энхийн яриа хэлэлцээрт Саудын Араб, Катар улсуудыг оролцохыг уриалжээ. Ирэх сард Казахстанд болох Сирийн хүчнүүдийн уулзалтад эдгээр улсууд оролцсоноор “Сирид энх тайван байдал тогтоох эрмэлзлэлтэй байгаагаа” харуулах боломж гэж тэр хэлсэн байна.

Харин Турк улс энэ хэлэлцээрт оролцохгүй, учир нь өөрсдийнх нь террорист байгууллага гэж үздэг Курдүүдтэй хамт нэг ширээний ард суухгүй гэжээ.

Анкарагийн энэ мэдэгдлийн дараа АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер хариу мэдэгдэл хийж, Эрдоганы үгийг “инээдтэй зүйл” гэж нэрлэсэн байна.

Тонер Эрдоганы үгэнд ямар ч үндэслэл байхгүй гээд “Сири болон Ирак дахь Исламын улс бүлэглэлийг устгах 100 хувийн зорилт Вашингтонд байгаа” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: Russia Today