Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Korean Air ажилтнууддаа онгоцонд зэвсэг хэрэглэхийг зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Саяхан онгоцонд тохиолдсон хэрэг явдлын дараа Өмнөд Солонгосын Korean Air компани онгоцны үйлчлэгч нарт танхай зорчигчийн эсрэг “цахилгаан бороохой” хэрэглэхийг зөвшөөрч, эрэгтэй үйлчлэгчдийн тоог нэмэхээр болсон байна.

Өнөөдөр буюу Мягмар гарагт зарласан шинэ журмаар ажилчдаа сүүлийн үеийн зэвсэг техник ашиглаж сургах, онгоцонд танхайрч байсан түүхтэй зорчигчдыг хар жагсаалтад оруулж, үйлчлэхгүй байх зэргийг заажээ.

Одоогоор онгоцны үйлчлэгч нарын аравны нэг нь эрэгтэй ажилчид байдаг бол цаашдаа нислэг бүрт доод тал нь нэг эрэгтэй ажилчин байлгах бодлого хэрэгжүүлэх гэнэ.

Korean Air-ийн ерөнхийлөгч Чи Чан Хун хэвлэлийн бага хурлын үеэр “Есдүгээр сарын 11-ний хэрэг явдлын дараа АНУ онгоцонд хүчирхийлэл гарахаас сэргийлж хатуу арга хэмжээ авах болсон. Харин Азийн компаниуд Ази соёлоо хүндэтгэн ийм арга хэмжээ аваагүй байсан юм” гэж тайлбарлаад “Сүүлийн хэргийн дараа бид аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авахаар боллоо” гэж хэлсэн юм.

Засгийн газрын мэдээлснээр Өмнөд Солонгост нислэгийн үеэр гарсан хууль бус хэргийн тоо сүүлийн таван жилд гурав дахин өссөнийг энэ үеэр дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компанийн Ханой хотоос Сөүлийг зорьсон нислэгт хэт согтуурсан зорчигчийг үйлчлэгч нар номхруулах гэж оролдож байгаа бичлэг тарсан юм.

Уг үйл явдлыг онгоцонд зорчиж байсан Америкийн нэрт дуучин Ричард Маркс гар утсан дээрээ бичиж, сүүлд сошиал сүлжээнд хуваалцахдаа Korean Air компанийн ажилчдын “мэргэжлийн бус”, “эв хавгүй” байдлыг шүүмжилж байжээ.

Өмнөд Солонгосын цагдаа өнөөдөр бичлэгт гарч буй зорчигчийг олж саатуулсан байна. Лим хэмээх уг зорчигч 2.5 аяга виски уусныхаа дараа зохисгүй авирлаж, ажилчид түүнийг номхруулахад хүрсэн юм. Тэрээр тухайн үед юу болсныг санахгүй байгаагаа цагдаад мэдүүлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post