Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний сурагчид Нацистуудын дүрд тоглосон нь шүүмжлэлд өртжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Тайваний нэгэн дунд сургуулийн сурагчид Нацистуудын өмсгөлтэй жагсаж, хас тэмдэг зүүн, зарим нь Нацист хэлбэрийн ёсолгоо үйлдэж буй гэрэл зураг өнгөрсөн амралтын өдрүүдээр Интернэт ертөнцөд тарсан юм.

Энэ нь тус сургуульд жил бүр болдог багт наадмын (cosplay) үйл ажиллагааны зураг байсныг Тайвань дахь Израйлийн албан бус дипломат төлөөлөгч гэж болох Израйлийн Эдийн засаг, Соёлын Төвийнхэн олж үзсэнээр асуудал дэгдсэн байна.

 

Израйлийн төлөөлөгчийн эсэргүүцлийн мэдэгдэл гарсны дараа тус сургуулийн захирал Чэн Шиаоминь бурууг өөртөө хүлээж албан тушаалаасаа огцорчээ. Чэн захирал уг нь Арабын соёлыг харуулсан жагсаал зохион байгуулахыг зөвлөсөн ч сурагчид хоёр удаа зөрж Нацистуудын үзүүлбэрийн төлөө санал өгсөн байна. Ингээд захирал багш сурагчдынхаа сонголтыг хүндэтгэсэн нь энэ байжээ.

Сурагчдын ихэнх нь Нацистуудын үйлдсэн дайны гэмт хэргийн талаар сайн мэдэхгүй, зүгээр л дүрэмт хувцасаа өөрчлөн хувиргахад амар байсныг бодолцсон гэнэ.

Тиймээс Чэн захирал албан тушаалаасаа огцрохын хажуугаар сургуулийнхаа сурагчдад Холокостын түүхийг таниулах ажил хийн, “Шиндлерийн бүртгэл”, “Амьдрал сайхан” зэрэг кинонуудыг үзүүлж, түүхийн мэдлэг өгөхөө амласан байна.

Тайваний Үндэсний Их сургуулийн түүхийн профессор Хуа И Фэн “Сурагчид бусдын эмгэнэлт түүхийг мэдэхгүй байгаа нь Тайваний түүх, иргэний боловсролын систем хямралд орсныг харуулж байна” хэмээн Тайпэй Таймс сонинд болсон явдлын талаар харамсан ярьжээ.

Мөн эх газраас коммунистуудад хөөгдсөн өөрсдийн түүхийг ч хойч үеийнхэн нь мартах вий гэсэн айдас төрж байгаагаа өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Time.Com